ВЕРА БРЕЖНЕВА: БИ ӨӨРТӨӨ Ч, ӨРӨӨЛД Ч ШААРДЛАГА ӨНДӨРТЭЙ ХҮН

 

Б.ХИШИГБАТ

ОХУ-ын украин гаралтай алдарт дуучин бүсгүй Вера Брежнева моод, гоо сайхны “SNC” сэтгүүлийн  тавдугаар сарын дугаарын тусгай зочноор уригдан дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Оросын эрчүүдэд  зориулсан сэтгүүлүүдийн дүнгээр таван удаа дараалан тус улсын хамгийн секси бүсгүйгээр тодорч  байсан тэрээр саяхан “Оросын шилдэг блогчин од”-оор тодорсон билээ. Үргэлж гэрэл цацруулдаг,  өнгөлөг, тайван, уур уцааргүй түүнтэй адилхан байхыг хүсдэггүй бүсгүй ховор. “SNC” сэтгүүлийн  сурвалжлагч Наталия Архангельская түүнээс Вера Брежнева байх амархан эсэхийг мэдэхийг хүсэн  ийн ярилцжээ.

-“Mail.Ru хатагтай” буюу нийт интернет хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр  “Оросын шилдэг блогчин од” болсонд баяр хүргэе. Хачирхалтай нь санал асуулгад таны  “Инстаграм”-ын найман сая шахам дагагчтай үндсэн хуудас “@ververa” бус хоёрдахь буюу  “@vbdiary” блог тань тэргүүлсэн?

-Би өөрөө ч мэл гайхсан /Инээв/. Хоёрдахь блог маань хавьгүй бага дагагчтай шүү дээ. Бараг 25  дахин бага. Анх хэзээ нээсэн гээч? 2014 оны гуравдугаар сарын 29-нд юм байна. Бас ч гэж гурван  жил болчихжээ. Үндсэн блогт минь гоо сайхны, косметик арчилгааны талаарх туршлагаа хуваалцах  урт текст тавьдаггүй, тэгээд ч дагагчдын гуравны нэгээс илүү нь эрчүүд байсан учраас дахин нэг  хуудас нээхээр шийдсэн нь тэр л дээ.

Би косметик арчилгааны туршлагаасаа бүсгүйчүүдтэй хуваалцахыг үнэхээр их хүссэнээс биш  “@vbdiary” хуудсаа суперблог болгохыг эрмэлзээгүй. Би блогоо өөрөө хөтөлж, бүх бичлэгээ сайтар  тунгаан бодож утсан дахь тэмдэглэл дээрээ ноороглоод сэдэв, өгөлт зэргээ боловсруулдаг.  Уншигчидтайгаа шулуун шударгаар, элдэв хуурамч зангүйгээр харилцаж сэтгэгдлүүдийг ч уншин бүх  асуултад хариулт бичихийг хичээдэг юм.

 

-Сэтгэгдлүүдэд хариулт бичихдээ залхуурдаггүй гэж үү?

-Залхуурдаггүй ээ. Гэхдээ үүнд бас цаг зав гаргах шаардлагатай нь мэдээж. Зав гэдэг чинь л надад  хамгийн бага нөөцтэй зүйл шүү дээ. Ийм ч учраас би заримдаа “@vbdiary” хуудсаа нэлээд  хугацаагаар шалгаж чаддаггүй. Ялангуяа НҮБ-ын сайн санааны элч болсноосоо хойш сошиал  ертөнцөд зарцуулах цаг зав бүр ч хомсдсон. /Вера Брежнева НҮБ-ын ДОХ-ын асуудал хариуцсан  сайн санааны элчийн үүрэгт ажилтай аж./ Гэхдээ хамгийн сайн найз бүсгүй маань хүртэл, “Вера,  чамайг завгүйг ойлгож байна. Гэвч блогтоо яагаад шинэ бичлэг оруулахгүй байна вэ” гэж байн байн  асуух болсны дараа нэлээд бодсон. Хэзээ ч утасдаад юуны ч тухай асууж болох шилдэг найз маань  хүртэл блогийг минь унших дуртай болчихсон юм бол тогтмол хөтлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон гэх  үү дээ. Дагагчид, захиалагчид үүнийг хүсдэгт үнэхээр баярладаг. Тэгээд ч надад хүн өөрийгөө  хэрхэн сайжруулж өөрчилж болох тухай арвин баялаг бий шүү. Тэр бүхнээ бусдад хэрхэн яажхүргэх  талаар үргэлж л боддог. Ер нь энэ тал дээр надад хийх юм их байгаа. /Инээмсэглэв/

-Таныг гоо сайхны асуудалд хэрхэн ханддагийг мэдэхгүй хүн ховор. Та зүгээр нэг хөмсөгний хэлбэр  яаж янзлах талаар зөвлөдөггүй. Иймэрхүү зүйлийн оронд та ямагт чанд хатуу сахилга бат, эрүүл  чийрэг амьдралын хэв маяг, жилээс жилд ягштал мөрдөж хэвших зөв дадал зуршил зэргийн талаар  ярьдаг?   

-Тийм ээ, дадал зуршил, сахилга бат маш чухал. Мэдээж жишээ нь, өглөө бүр гимнастикийн дасгал  хийх нь хүмүүст эхэндээ тийм ч сайхан санагдахгүй. Гэхдээ өөрийгөө үүнд сурган дадал зуршил  болгочихвол бие хөнгөрөөд, яваандаа тийм гимнастикийг өөрийн эрхгүй хийдэг болдог юм билээ.  Эсвэл элсэн чихрээс татгалзах явдал байна. Элсэн чихэр хэрэглэхээ больж, ер нь өөрийгөө ямар  нэг юмаар хязгаарлана гэдэг юу нь сайхан байхав. Гэтэл нөгөө талаар элсэн чихэр хэрэглэхээ  болиход биеийн ерөнхий байдал ямар гайхамшигтайгаар сэргэдэг гээч.

Дээр нь шоу бизнесийн алдартнуудын амьдралын хэв маягийг үд хүртэл унтаж, юу ч хийхгүй өдрийг  өнгөрөөн үдшийн цагаар наргин цэнгээд усан эмчилгээ, иллэг хийлгэдэг гэж төсөөлөх нь бий.  Дуучдыг бараг л диваажинд амьдрагсад гэж үздэг гэлтэй.

Миний хувьд тийм биш ээ. Шоу бизнес гэдэг чинь мөн л чөлөөт цаг, нойр, эрүүл мэндээс хумсалдаг  амаргүй ажил. Бие галбир, гадна төрхөө үргэлж зохих хэмжээнд байлгахын тулд зочид буудлын  өрөө, галт тэрэгний купе зэрэгт хөлсөө гартал гимнастикийн элдэв дасгал хийж, том жижиг янз  бүрийн хотуудад боломжийн эрүүл хоолтой зоогийн газар, чанартай хүнстэй дэлгүүр олох гэж нэлээд  юм болно шүү дээ.

Тэгээд миний зөвлөгөөнүүдийн дор охид “Вера, ийм шахуу хөтөлбөртэй та амжуулж болоод байхад  бид заавал амжуулах ёстой” гэж бичихэд ямар сайхан санагддаг гээч.

-“@vbdiary” хуудасны сэтгэгдлүүд нь хүртэл их эерэг эрч хүчтэй, гэгээлэг юм билээ?

-Яг үнэн! Гэхдээ би сэтгэгдэл нэг их устгаад байдаггүй, бүдүүлэг муухай сэтгэгдэл үнэхээр байдаггүй  юм. Би өөрийн хуудсандаа шууд л “Өөрчлөгд!” гэж тулгадаггүй, аажим аажмаар сайжрахыг л  ухуулдаг. Эх хүн хүүхдээ эрүүл саруул өсч торнихыг харж баярладаг даа. Би ч бас алхам алхмаар  ахих дагагсдаараа баярлаж бахархдаг.

-Вера Брежневаг ялдам инээмсэглэл, гялалзсан нүдээрээ эерэг сэтгэгдэл төрүүлэн “Хайр хорвоог  аварна” гэсэн итгэлийг түгээгч гэх хүн цөөнгүй. Вераг бүгд л сайхан сэтгэлтэй гэгээлэг эмэгтэй гэж  төсөөлдөг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй эцэгтэй та үгээгүй ядуу, амаргүй бага нас туулж өнгөрөөсөн.  Амьдралд үргэлж эерэгээр хандаж байв уу?

Үргэлж биш ээ, одоо ч би өөр өөр л байдаг. Тантай ярилцахдаа би тэгтлээ инээмсэглэхгүй байгаа  биз? Учир нь би хоёр хоног нойргүй яваа, тэгээд ч үдийн хоолонд орж амжаагүй. Оройн таван цаг  болж буй ч би өглөөнөөс хойш хольцгүй сагагнаас өөр юм идээгүй л дээ. Гэвч дотоод сэтгэлийнхээ  тэнцвэртэй байдлыг хадгалах тал дээр цаг ямагт ажилладаг тул одоо ч гэсэн нэг тийм, амгалан  гэгээн байна гэх үү дээ. Үүнийхээ ачаар амьдралд ч эерэгээр хандсаар байгаа болов уу.

-Ийм байх эрч хүчийг хаанаас олдог вэ?

-Өөрийн үнэт зүйлээс мөн амьдрал, хүмүүс, ажилдаа ханддаг хэзээнээс тогтсон зарчмаас гэж хэлж  болох байх. Аливаад зөв хандлагыг олж чадвал тэр чинь ямарч ядарсан үед хүч нэмж дэм өгдөг  юм билээ. Ингэхэд, би багадаа инээмсэглэдэггүй, зожиг, ганцаардмал охин байсан юм. Гэвч тэр  охин ч би л байсан.

-Тэгвэл одоогийн Вера Брежнева гэдэг өөрийгөө өөрчлөх нарийн төлөвлөсөн, залхаж ядрам удаан  хугацааны хөтөлбөрийн үр дүн юм биз дээ?

-Онож хэллээ. Тэр хөтөлбөрийн минь зорилго бол өөртэйгөө болон орчлон ертөнцтэй тэнвэр олох  явдал юм. Дээр нь би ямар нэг байдлаар харилцдаг хүмүүст миний хажууд сайхан байхыг хүсдэг.  Гэхдээ би тугалга шиг зөөлөн биш, сахиусан тэнгэр шиг ариухан биш гэдгийг сануулах нь зүйтэй. Би  өөртөө ч, өрөөлд ч шаардлага өндөртэй хүн. Яаж ч бодсон би ээжийн хувьд төдийгүй, ажил дээрээ  нэлээд хатуу эмэгтэй байх шүү.

Та бид хоёрыг энд ярилцаж суухад “Инстаграм”-д хэд хэдэн удаа хүмүүстэй хамт зураг  авахуулахаас татгалзсан тухайгаа бичсэнийг минь өргөн хэлэлцэж эхэлжээ. Энэ үнэн. Би заримдаа  тэгж татгалздаг.

-Би ч гэсэн таны блог дахь “Хоёр дамжсан нислэг ба гурван удаа хамт зургаа авахуулахаас  татгалзсан минь” бичлэгийг уншсан. Тэгээд хүмүүс үүнийг ч ёстой өргөн дэлгэр хэлэлцэнэ дээ гэж  бодсон?

-Бүгд л намайг нинжин сэтгэлтэй, эерег бодолтой тул хүмүүсийн хүсэлт болгоныг биелүүлдэг гэж  боддог бололтой. Гэвч би “Үгүй” гэж хэлж сурсан. Хэрэв би юм бүхэнтэй санал нийлээд байвал  дотоод тэнцвэрээ алдана шүү дээ. Гэрэл зургийг дурсгал болгон авахуулдаг. Иймд гэрэл зураг дээр  би муухай харагдахгүй гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Мэдээж, надтай зураг хамт зураг авахуулахыг  хүссэн хүмүүс намайг сайхан харагдаж байна л гэдэг. Гэхдээ би тэгж бодохгүй байвал уучлал хүсээд  татгалзчихдаг юм. Хамт зургаа татуулна гэдэг хүний хажууд зөвхөн амьгүй юм шиг зогсохыг бус бүх  эрч хүчээ түүгээр дамжуулан хуваалцахыг хэлдэг гэж үздэг учраас тэр. “Та өөрөө л олны танил,  олны өмнө байнга гардаг ийм мэргэжил сонгосон шүү дээ” гэх сэтгэгдэл блог дээр минь цөөнгүй  бичигддэг.

Тэгвэл нягтлан бодогч юм уу, сантехникч өдөржин ажиллаж ядраад гэртээ ирэхэд хөршүүд нь,  “Тайлан гаргаад өгөөч! Угаалтуур засаад өгөөч! Та өөрөө л ийм мэргэжил сонгосон шүү дээ” гэвэл  тэд яах бол? Ингэхэд, дэлгүүрүүд хүртэл хаасныхаа дараа бараагаа худалддаггүй шүү дээ.

Дөрөв тав дамжсан нислэгийн дараа хөлөө зөөж ядан явж байхад нүүр ам, үс гэзгээ сайхан  янзлаад донжтой хувцасласан бүсгүй дөхөж ирээд гуйсаар байгаад хамт зургаа авахуулах нь  бишгүй. Тэгээд өөрийн блогтоо тэр зургийг тавихад түүнд “Чи тэр Брежневагаас хувь илүү юм” гэх  сэтгэгдэл цуварна аа даа. Иймд танай сэтгүүлээр дамжуулан хэлэхэд хүмүүстэй хамт зургаа  авахуулах надад хэцүү биш ээ, гэхдээ сайхан тэврэлдээд өнгөрөх нь зураг авахуулаас дутуугүй  дурсамжтай юм шүү гэмээр байна.

-Та галзуурам хурдан карьер хийж, маш шахуу хөтөлбөртэй ажиллахдаа олон хүндрэлийг туулдгийн  дээр бүдүүлэг түрэмгий хүмүүстэй ч таардаг л байлгүй. Тэр бүхнийг яаж давдаг вэ? Бие даан  сэтгэлийн тэнцвэрээ олдог уу, эсвэл мэргэжлийн сэтгэлзүйчдэд ханддаг байв уу?

-Мэдээж мэргэжлийн хүмүүст ханддаг байсан. Тэд бүгд л хүндрэлийг даван туулахад ямар нэг  хэмжээгээр тусалсан. Би өнөөдрийн Би рүүгээ адал явдлаар дүүрэн зам туулж хүрсэн шүү дээ. Ер  нь би өөрийгөө давхар болгон нь маш нарийн төлөвлөж барьсан өндөр барилга гэж боддог юм.

-Гэхдээ сэтгэлзүйчид яг юу гэж зөвлөдөг байсан нь сонирхолтой. Танд “Үгүй” гэж хэрхэн хэлэхийг  зааж байв уу?

-Тэрнийг ч гэсэн заасан даа. Би хар багаасаа л дэндүү гомдомтгой, өч төчнөөн дутагдалтай, дээр  нь ядуу гэж юу болохыг үзсэн хүн. Ядуу хүнд дээгүүр ангиллынхныг үзэх яддаг дутагдал гэж байдаг  юм. Мөнгөгүй чамд энэ тухай битүүхнээр сануулж, “Оёж нөхсөн трико оймс өмсчихөж, хөөрхий” гэх  мэтээр хэлнэ шүү дээ. Тэр бүгдийг доромжлол гэж хүлээн авдаг байлаа. Иймээс гайгүй хувцас авах  мөнгөтэй болонгуутаа дэлгүүр орж хэрэгтэй хэрэггүй баахан хувцас авч билээ. Заримыг нь нэг ч  өмсөөгүй, зүгээр л байх ёстой гэж үзээд л авсан хэрэг. Одоо би трико оймсоо нөхөж оёдоггүй нь  ойлгомжтой. Гэвч өмссөн үү, үгүй юу урагддаг хамгийн хямд шилэн трико л авдаг байж дээ.

-Хүүхэд залуу нас тань танд багагүй ул мөр үлдээж дээ?

-Тэгэлгүй яахав! Эгч дүү бид дөрөв нэг нэгнийхээ багадсан хувцсыг өмсч өссөн. Том эгчийн ноосон  цамц надад их таалагддаг байлаа. Би эгчээсээ, “Би чамд янзын гоё иллэг хийж өгье. Хариуд нь та  ноосон цамцаа маргааш ганц удаа өмсүүлчих” гэж гуйснаа ер мартдаггүй. Хүүхэд нас минь надад  их ул мөр үлдээсэн. Мууг нь арилгах гэж нэлээд ажилласан даа. Хамгийн гол нь би өөрөө өөртэйгөө,  дотор хүнтэйгээ эвтэй сайхан харилцаатай байж сурсан. Мөн өөрөөсөө, өөрийн гаргасан ямар ч  муухай аашнаасаа ичихээ больж чадсан юм. Буруу юм хийсэн бол уучлал гуйхаасаа ч ичихээ  больсон доо.

-Та мөн бусдад өглөг өгч, буян хийж сурсан гэлтэй. Та өөрийн “Верагийн /Итгэлийн/ туяа” сантай  байх аа?

-Буяны үйл гэдэг ойлголтын үндсэн утгыг алдагдуулсан санагддаг юм. Буянг, сайн үйлийг дан ганц  мөнгө биш сэтгэл санаагаар, оролцоогоор, урмын үгээр хийж болдог шүү дээ. Мөнгөгүй байхдаа би  тэгж л сайн үйл хийдэг байлаа. Өнчин хүүхдийн газруудаар мөн ч их явж чадлаараа тусалсан даа.  Дараа нь буяны сантай болсон. ДОХ дэлхий даяар хэрхэн тархаж буй талаар мэдээд үүнтэй  тэмцэхэд л бүх эрч хүчээ зориулах ёстой гэдгийг ойлгосон. Дэлхийд өдгөө хорт хавдар, эпилепси  гээд хүнд өвчин олон байгаа л даа. Гэхдээ тийм өвчинтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй.

Харин ямар нэг хүн ДОХ-той гэдгээ хэлбэл ойр дотныхон нь хүртэл нүүр буруулах нь бий. Энэ  өвчний тухай дутуу дулимаг мэдлэгтэйгээсээ болоод л тэр шүү дээ. Би багаасаа элдэв бэрхшээлийг  даван туулж ирсэн болохоор энэ тал дээр ч үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэсэн. Тэгээд ч эхний үр дүн  гарч эхэллээ. Ер нь би хайр хорвоо дэлхийг аварна гэдэгт итгэдэг хүн. Үнэн сэтгэлээсээ итгэдэг шүү.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE