Шоронгийн хаалга татсан залуу суутан ба түүний “Titanium” програм

 

Б.Хишигбат

Өнгөрсөн сарын сүүлээр Их Британийн шүүх орон орны хакерууд компьютерийн системуудыг довтлохдоо идэвхтэй ашиглаж байсан “Titanium” програмыг зохион бүтээсэн 20 настай Адам Маддад  хоёр жилийн хорих ял оноожээ. Онцгой авьяас чадварынхаа “ачаар” шоронгийн хаалга татах болсон залуу шүүхийн шийдвэрийг тайвнаар хүлээн авч, сэтгэл хөдлөлөө ямар нэгэн байдлаар ил  гаргаагүй. Шүүхийн танхимд тэрээр дэлхийн хамгийн зартай хакеруудын үндсэн зэвсэг, бараг л шүтээн нь болсон “Titanium Stresser” програмыг зохион бүтээснээ хүлээн зөвшөөрснөөс өөр зүйл  үндсэндээ хэлээгүй аж. Гэтэл хакерууд түүний програмын тусламжтайгаар АНУ, Австрали, Франц, Их Британи, Хятад гээд дэлхийн бүх тивийн улс орнуудад саяас хол давсан халдлага хийж  амжжээ.

2014 онд ангийнхаа хүүхдүүдээс мэдлэг чадвараараа тасран хөндийрч, тэдний зүгээс байнгын доромжлол амсч зожигорсон 16 настай авьяаслаг сурагч хүү А.Маддын эд зүйлийг сургуульд нь  хулгайлснаас бүх зүйл эхэлсэн гэнэ. Тэрээр цагдаагийн байгууллага хулгайч нарыг шуурхай илрүүлэн эд зүйлийг нь эргүүлэн өгнө гэдэгт найдаж байжээ. Гэвч цагдаа нар тоймтой мөрдөн байцаах  ажиллагаа явуулахгүйг нь ойлгоод гэртээ ирээд дүүргийнхээ 70 орчим боловсролын цахим хуудсанд довтолсон байна. Тэрээр өөрийн сургууль төдийгүй алдарт Кембрижийн их сургуулийн цахим  хуудсыг ажиллагаагүй болгон багагүй түвэг учруулжээ.

Үүний дараа А.Мадд програмаа бүрэн хүчин чадлаар нь ажилд оруулаад бие даан боловсруулсан өвөрмөц стратегийн дагуу бусдад түрээслүүлэх болжээ. Тэрээр кибер довтолгооны үргэлжлэх  хугацаанаас хамааран түрээсний үнээ уян хатнаар тогтоон унтлагынхаа өрөөнөөсөө бараг цухуйлгүйгээр бизнесээ удирдан чиглүүлж эхлэв. Эцэг эх нь түүнийг чадварлаг програмчин болж асар  их мөнгөний орлого олдгийг яаж мэдэхэв, ангийнхантайгаа хэл амаа олдоггүй учраас ч байнга компьютерийн тоглоом тоглодог болсон гэж боддог байжээ. Төдөлгүй А.Мадд сургуулиасаа хөөгдөж,  бизнестээ бүх цагаа зориулан гэрээсээ бараг гарахаа больсон аж.

Түүний эцэг эх цагдаа нар гэрт нь нэвтрэн орж ирэхэд л хүүгийнхээ юу хийдгийг мэджээ. Цагдаа нар А.Маддыг компьютерээ унтрааж блоклохыг шаардахад тэрээр аавынхаа ятгалгын дараа л  хууль сахиулагчдын шаардлагыг биелүүлсэн аж. Хожим шүүх хурлын үеэр л залуу суутан Асперерийн синдром буюу хөдөлгөөний эвслийн болон бусад хүмүүстэй харилцах чадварын сааталтай  гэдэг нь илэрчээ.

Тэрээр “Titanium”-аар маш их мөнгө олсон ч баяжих зорилго агуулаагүй бололтой. А.Маддыг 18 нас хүрэхэд түүний дансанд 500 мянгаас хол давсан ам.доллар хуримтлагдсан ч тэрээр өөртөө  элдэв юм юу ч авалгүй програм хангамжаа л сайжруулж мөнгөө цуглуулсаар байжээ.

Ялын дүгнэлт гаргах хурлын үеэр шүүгч М.Тополски А.Маддад нааштай хандан олонд хүндлэгдсэн сайн гэр бүлд өсч торнин маш эрт онцгой чадвараа илрүүлэн хөгжүүлснийг онцолжээ. М.Тополски  залуу суутныг програмчийн гайхамшигтай карьер хүлээж буйг, түүний гойд чадвар улс орны аюулгүйн байдалд тус болохыг тэмдэглэсэн ч эхлээд хоёр жил хорих ялаар шийтгүүлэхээс өөр аргагүй  гэжээ.

Уг нь А.Маддынх шиг програм зохион бүтээхийг ихэнх оронд, үүний дотор Их Британид хууль бус гэж үздэггүй аж. Стрессер гэх иймэрхүү програм нь интернетийн хуудсууд дахь нөөцийн тогтвортой  байдлыг болон ажиллах чадварыг шалгахад зориулагддаг байна. Харин стрессер програм зохион бүтээгч хакеруудад ухамсартайгаар үйлчилгээгээ худалдвал хариуцлага хүлээдэг гэнэ.  А.Маддын зохион бүтээсэн стрессер аливаа сервер, цахим хуудсыг автомат горим дээр энгийн лавлагаагаар дүүргэн маш хурдан ажиллагаагүй болгодгоороо хакеруудын сонирхлыг ихээр  татжээ.

Тэрээр үйлчлүүлэгчиддээ нэмэлт урамшуулал болгон е-шуудан хаягийг захидлаар “бөмбөгдөх”,  тухайн цахим хуудсын IP хаягийг тогтоох зэрэг програмуудыг үнэгүй дагалдуулдаг байсан нь ч  тогтоогджээ. Хэрэв хакерууд залуу суутны програмыг ашиглан “Sony”, “Microsoft” зэрэг аварга том корпорацуудын серверийг довтлоогүйсэн бол түүний бизнес хууль хяналтынхны анхаарлыг  таталгүй өнөөг хүрэх байсан биз ээ.

А.Маддын хэргийг Их Британид өнөөг хүртэл идэвхтэй хэлэлцсээр байгаа бөгөөд бий болсон нөхцөл байдалд дан ганц А.Мадд бус, нийгэм, орчин тойрны хүмүүс бөгөөд эцэг эхийнх нь анхаарал  хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэх болжээ. Шүүгч М.Тополски залуу суутанд ял оноохдоо ихэд харамсч буйгаа илэрхийлээд онцгой авьяастай өсвөр үеийнхнийг эрт илрүүлж зөв голдрилд  чиглүүлэхийн чухлыг онцолсон байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE