Цагдаа гуай шүглээ өгнө үү, би үлээе

-Тасганы овоон дээр том дугуй юм бариад байх юм. Юу юм болоо.

-Ресторан, баар л биз

-Арай үгүй байлгүй дээ. Энэ овоо чинь уг нь жирийн нэг овоо толгой биш юм гэнэ лээ.

-Саналаа, саналаа. Зааны хошуу гэдэг гэсэн. Гэтэл түүнийг таслаад зам тавьчихсан. Түүнээс хойш байгаль дэлхий хилэгнэн ган, зуд тасрахаа байсан гэж танил лам хэлснийг мартах шахаж.

-Тэнд чинь том чулуун овоо босгож хойд талд нь хадаг уядаг хэцтэй болсон байв уу.

-За тиймээ. Хааяа бид мэтийн хөгшчүүл овоог тойрч харагддаг. Бусад цагт гандангаас хөөгдсөн олон тагтаа л тэндхийн эзэд нь юм шиг байдаг юм билээ гэж хоёр авгай чухамхүү ид буу халах үед нэг нөхөр тэдний ярианд оролцож мэдэмхийрэн

-Ээ дээ та нар минь хөгжлөөс их хол хоцорч яваа юм байна. Тэрэнд чинь Богд Зонховын сэрэг дүрийг залах юм гэсэн.

За тэгээд 34 тэрбум төгрөгөөр босгохоор ирэх оны улсын төсөвт тусгаад Соёлын сайдын багцад багтаасан байна лээ.

Яахав. Цагаан сараар ч болов очих, мөргөх газартай болох нь. Харин тийм их мөнгө хөрөнгө төлөвлөсөнд нь хар санаад байгаа юм гэв.

Сүрхий сүсэгтэй маягийн авгай залбирангаа

-Бурхан нь алт юм байгаа биз дээ базарваань гэхэд нөгөө их мэдэгч эр

-Нэг л биш дээ. Манайхан чинь их мөнгө төсөвлөчихөөд хагасыг нь хуваагаад “цохьчихдог” болсон шүү дээ гэж маадайв.

Чингэлтэй дүүргийн нутаг Тасганы овоо орчимд ийм нэгэн яриа болов доо.  Яагаад гэдгийг тандлаа. Тэгсэн чинь сощиалаар нэг шуугиан байх юм.

Цар тахалд нэрвэгдээд улс амьтны амьдрал доройтсон үед бурхан залж хөшөө барихад тийм их мөнгө зарцуулдаг нь юу вэ л гэнэ. Үгүй яахав. Нэг тийм сайхан байгууламж байхад юу нь буруу гэж. Даана ч зардал нь аймаар. Боль доо. Тэр мөнгөө цалин, тэтгэвэр нэмэхэд зориулаасай. Цар тахлаар өвчлөгсдөө эмчлэхэд зарцуулаач гэсэн үгс хөвөрч байна.

Тэр байгууламжид тийм их мөнгө төсөвлөж гэдгийг сонсоод нэг хөшөө хүртэл суурин дээрээсээ булгараад нүүрээрээ харуулдан унасан зураг. Тайлбар нь хөшөө амиа хорлож байгаа нь энэ гэж. Сощиалд хөөрхөн шоолжээ.

 

*            *           *

 

Төр, засгийн удирдах зарим нөхөд хэвлэлийн хурал хийж байна аа.

-Сэтгүүлчдийн асуултад хариулахад Тасганы овоон дээр Зонхов бурхны цогцолборыг барихад 34 тэрбум төгрөгийг Засгийн газраас төсөвт тусгаж Соёлын сайдын багцад багтаасан гэдгийг магадлая. Ийм юм болсон нь харамсалтай.

Тиймээс уг цогцолборт оруулах хөрөнгө оруулалтыг удахгүй “царцаах” байхаа. Царцаана гэв.

За тиймээ. Царцаана гэж бүр тод хэмнэлээ. Уг нь хэл зүйн толь бичигт царцах гэдэг үгийг өөх, тос хүйтэнд өнгө төрхөө өөрчлөхийг л хэлдэг байх юм. Гэтэл төр, засгийнхан амандаа багтсан үгээр наадацгаах болж.

Ердөө саяны юм биш. Царцсан барилга гэж УИХ-ынхан байнга хэлдэг. Уг нь барих ажлыг зогсоосон байшин юм л даа. Хөгийн юм. Ухаан нь тэлж амжаагүй залуус ч гудамжинд тэгж ярихгүй байх. Эдэлгээ нь дууссан машин гэж хэлэх гээд л хэл нь хальтирсан хэрэг. Ядаж хуучирсан машин гэхгүй дээ.

Улаан цайм тэгж ярьчихаад өөрийгөө өмөөрч омойтохдоо аягүй бол машин чинь хөөе дуугардаг бас явдаг учир “амьд эд” гэж маргаж ч мэдэх. Ингэж магадгүй мангар нөхөд өнөөдөр би удирдах албаны хүн гэж явах болжээ. Харамсмаар л юм.

Эх хэлний боловсролгүй дээ юу. Этгээд зан ааш гаргаж байгаа нь тэр юмсан уу гэж санагдана.

Мөнгө төгрөгийг, барилга байшинг ч царцаагаад л. Ингэснээр өөрийнх нь үг хэл жинхэнэ царцсан мэт.

Бас төр, засгийнхан “давхар дээл” гэж ярьдаг болоод удсан. Тиймэрхүү үг ярьж байгаа хүний хүүхэд нь “Ааваа та ажил дээрээ царцчихаа юу, ирэхгүй удах юм” гэвэл яах болж байна. Бас Монголын ирээдүйг тодорхойлж байгаа гэх зарим баримт бичигт “Ирж яваа Монгол”, “Аялан харсан Монгол” гэх зэрэг харийн мэт үг хэллэг харагдах болсон.

Энэ нь нөгөө л харь зүгийн жишээ авах сонирхолтой, барууны орнуудад тийм байдаг гэхчилэн ярьдаг гадааджсан нөхдийн үг.

Өөрийг нь монгол гэр барилцаадах, энэ хананы нь амыг нь зөв нийлүүлээд боочих гэхэд чадахгүй л дээ тэд. Тэгсэн хэрнээ монгол үг хэрэглэсэн ч гадаад хүнтэй адил яриад байдаг юм.

Гэтэл бас сая Засгийн газраас Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хууль гэж өргөн бариад байгаа юм. УИХ-ын дарга нь ээдээ зөв зүйтэй гэсэн аястай талархан хүлээн авч байгаа харагдсан.

Тэгэхээр шүглийг хэн үлээдэг юм бэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Гудамжинд хөдөлгөөн зохицуулж байгаа замын цагдаа шүгэлдэж байхыг бид өдөр бүр л сонсдог, анзаардаг.

Нөгөө бол спортын зарим тэмцээний шүүгчид бас шүгэлтэй. Дэвжээн дээрх өрсөлдөгчдийг дүрэм журамд зохицуулж байгаа нь тэдний шүглийн дуу байдаг.

Тиймээс хэн бүхэн шүгэлдээд байдаг юм бишсэн билээ. Гэтэл төрийн хууль дүрэмд шүглийн дуу тас хийж цочоох нь юу вэ. Нөгөө л барилга царцааж, машин хөгшрүүлдэг нөхдийн хошин шогийнхны утгагүй марзаганал шиг яриа бүр төрийн хуульд хадагдаад орж ирж байгаа юм байна л даа.

Хуулийн нэрийг сонсоод л цагдаа, уралдаан тэмцээний шүүгч нар л эрх ашгаа хөндүүлж байна гэж ойлгохоор. Угтаа бол урьд нь илрээгүй нуугдмал байсан баримт мэдээллийг илчилж  хэлсэн хүний эрх зүйг зохицуулах хууль юм байна лээ. Харла гэж.

Монгол хүн монгол үгээ ингэж л буруу хэрэглэж байна. Энэ бол зүгээр нэг эндүүрэл төдий биш. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар эх сайхан монгол хэлээ гутааж байгаа хэрэг биш үү дээ. Өнөөгийн ингэж ярьж бичээд түүнийгээ төр, засгийн хууль, баримт бичигт оруулаад байхаар бидний хойч үеийнхэн хожмоо яг л хуулаад хэрэглэнэ шүү дээ. Тиймээс Монголын ирээдүйд ч хортой юм. Ер нь өнөөдөр төр, засгийн албаныхны мэдлэгийн ерөнхий түвшин тааруугийн илэрхийлэл гэж ч болно.

Улсын Их Хурлынхан гэхэд асуудалд хандахдаа бүгд л мундаг эдийн засагчид, сүрхий хуурьчид болж ярьцгаадаг нь заримдаа хоосон номчирхол төдий аястай сонсогддог.

Монголчууд үгэнд учир, үнээнд тугал гэж  хэлдэг нь их учиртай л даа.

Тэгвэл өнөөгийн улс төрчдийн аманд хэвшил болсон дээрх завхай зайдан гэмээр үг хэллэг олон түмний оюун санааг хордуулж утга чиглэлийг алдагдуулж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар түүнчлэн амьдралын утга учрыг тунгаан үзэх түгээмэл ухаан бол философи гэсэн товчхон тодорхойлолтыг уншаагүй мэдэхгүй хүмүүсийн гай гэж хэлмээр байна. Нэгэнт ийм нэртэй хууль гаргаж байгаа юм бол улс төрчид бүгд шүгэл хэрэглэдэг болог.

УИХ-ынхан хааяа муудалцан чи, би дээ хүрч хулгайч, худалчаа дуудалцан хэрэлддэг. Тэр байдлыг хурал даргалагч нь шүгэлдээд зогсоож байг л дээ. Бас улстөрчид дуртай нь аргагүй энд тэнд тууз хайчлахдаа дуу хуур болж ёслолын буудлага ч хэрэггүй шүгэлдээд болоо юм биш үү. Би ч гэсэн шүгэлдмээр байна. Цагдаа гуай та шүглээ өгнө үү. Би үлээе. Тэгээд хууль биелүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE