Д.Рэгдэл: Бид хоёр дахь зуун жилээ гэгээлгээр харж байна

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.

-Шинжлэх ухааны байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ хүртэл юу хийж бүтээв, алдаа оноогоо хэрхэн цэгнэж байна вэ?

-Энэ онд шинэ цагийн Монгол Улсын түүхэнд, түүний дотор  боловсрол, шинжлэх ухаан зэрэг оюун санааны хүчирхэг байгууллагуудын хувьд түүхт  ой  тохиож байна. Үүнийг   угтаад  өнгөрсөн оны сүүлчээр  Монгол Улсын Засгийн газраас ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай  тогтоол гаргасан. Түүн дотор түүхэн тэгш  ойнуудыг нэрлэн зааж,  тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгж тодотгоогүй бол энэ жил covid-19 цар тахлын  нөхцөл байдал амаргүй, хуулиараа баяр ёслол, ойн арга хэмжээг зохион байгуулах  хаалттай байгаа. Засгийн газрын хамгийн эхний тогтоолоор Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жил, орчин үеийн зэвсэгт хүчний 100 жил, Монгол Улс  НҮБ-д нэгдсэн орсны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр  тогтсон. Орчин үеийн шинжлэх  ухааны байгууллагын 100 жилийн ой  бол  түүхт Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй.  1921 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр  Ардын засгийн газрын шийдвэрээр  төрийн яамны статустай байгуулагдсан, яах аргагүй Монгол Улсын орчин үеийн шинжлэх ухааны байгууллагын эх суурь нь   юм. Зуун жилийн дараах өндөрлөгөөс эргээд харахад тэр байгууллага маань анхны сууриа тавихдаа ердөө  наймхан ажилтантай байсан. Тэр хүмүүс  Монгол Улсын түүхэнд холбогдох ном судар бүтээх, хуучны алдартай ном судрыг цуглуулах, гадаадын улс орнуудад хэвлэгдсэн чухал ном бүтээлийг орчуулах зэрэг үндсэн үүрэгтэй байсан байгаа юм. Дотроо орчин үеийн шинжлэх ухааны байгууллага буюу өнөөдрийн  манай хүрээлэнгүүдийн хувьд авч үзвэл Дуун ухааны тасагтай байсан нь Хэл шинжлэл, хэл зохиолын хүрээлэнгийн эх үүсвэр  гэж үздэг. Үүний дараа  буюу 1924 оноос  Газар зүйн болон Түүхийн танхим сууриа тавьж, дараа дараагийн шинжлэх ухааны шинэ салбаруудаар  тасаг байгуулсан. Ингэж явсаар 1961 онд  Монгол Улсад Шинжлэх ухааны академийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар  байгуулснаар ШУА 60 жил, шинжлэх ухааны байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Мэдээж ой тэмдэглэнэ гэдэг цаг хугацааны хувьд авч үзвэл оршин тогтносон хугацаагаа ёсолж байгаа юм шиг  боловч энэ цаг хугацаа, орон зайд юу хийж бүтээв. Монголын ард түмэнд  орчин үеийн шинжлэх ухаан  юу үлдээсэн бэ гэдэг нь чухал асуудал. Тэгэхээр   давын өмнө хэлэхэд бид  өнөөдөр орчин цагийн шинжлэх ухааны гол гол салбаруудаар төрөлжсөн эрдэм шинжилгээний байгууллагатай,  дэлхийн олон оронд өндөр түвшний лаборатори их сургуулиудад бэлтгэгдсэн боловсон хүчинтэй бүхэл бүтэн салбар бий  болжээ.

-Энэ салбарт байгаа оюуны өмч, энд ажилладаг  эрдэмтэн судлаачдын мэдлэг чадварын хэмжээг авч үзвэл мэдээж том үзүүлэлт гарна. Үүнийг  тоогоор илэрхийлж болох уу?

-Өнөөдөр Монгол Улсад судалгаа хийж байгаа эрдэмтдийн гадаад  ертөнцөд,  олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хэвлэгдэж байгаа бүтээлийн тооны өсөлт,  тэр бүтээлүүдээс гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид эшлэл авч байгаа  үзүүлэлтийг авч үзвэл  бид  сүүлийн гурван жилд Ази тивийн 46 улс дотроо  19, 20 дугаар байранд явж байгаа. Энэ бол өндөр үзүүлэлт юм. 3.3 сая хүн амтай, тэндээ бүтэн орон тоогоор ажилладаг 1700  орчим эрдэм шинжилгээний ажилтантай улсын хувьд саяын хэлсэн тоо  бол  том үзүүлэлт. Шинжилгээ  судалгааны үр дүнгээс гадна  бид  эрдэм шинжилгээний тогтмол сэтгүүлүүд гаргадаг. 2019-2020 оны байдлаар Монгол Улсаас эрдэм шинжилгээний нэг сэтгүүл  түүхэнд анх удаа Олон улсын эшлэл тоологддог сэтгүүлүүдийн санд бүртгэлтэй болсон. Энэ бол  орчин үеийн шинжлэх ухааны салбар хөгжиж байгааг харуулж буй  том үзүүлэлтийн нэг юм.  Энэ мэтээр  дурдвал  манайд эрдэм шинжилгээний ололт амжилт багагүй бий. Шинжлэх ухааны ололт амжилтыг цаг хугацаатай нь холбож авч үзвэл  тод харагдана.

-Жишээлбэл, сонин содон ямар баримтууд байна?

-1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдаж, 1971 оныг хүртэл 10 жил болоход манай эрдэмтдийн гол хэсэг нь хөдөө аж ахуйн салбарт бүтээл туурвил олныг хийсэн байдаг. Тухайн үед  манай улсад малын маш олон сайн үүлдэр бий болсон. Тэдгээрийг бүтээсэн эрдэмтдийн дотроос олон хүн төрийн шагнал хүртэж байлаа. Ургамлын   сортууд шинээр  бий болгох эхлэл яах аргагүй эхний 10 жилд тавигдсан. Энэ ажил явсаар өнөөдөр  гэхэд манай үр тарианы ургамлын үрийн санд тариалж байгаа  талбайн хэмжээгээр нь  авч үзсэн ч томоохон байр эзэлдэг “Дархан 144” гэсэн улаан буудайн сорт 2000 оны эхэн  XXI зуунд  анх бий болж одоо шинэ мянганы үргэлжлэл болоод явж байх жишээтэй. Эхний 10 жилд шинжлэх ухааныг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүн сайн байсан гэж үзээд 1971 онд ШУА байгуулагдсаны  10 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнасан байдаг.

Үүнээс хойшхи 10 жил  буюу 1981 он хүртэлх хугацааг авч үзэхэд материаллаг баазын хувьд бэхжүүлсэн, түүнийг дагаад хүний нөөцийн хувьд харьцангуй сайжирсан байдаг. Энэ үед  үндсэндээ судалгааны хүрээлэнгүүдийн лаборатори,  оффиссын 7-8 байрыг  барьж ашиглалтад оруулсан. Түүнийгээ дагуулан тухайн үед  эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж байсан  байгууллага СЕВ-ийн шугамаар манайд лабораторийн тоног төхөөрөмжүүд их хэмжээгээр хандивлаж ирсэн. Энэ мэтээр орчин үеийн лабораторийн суурь 1971-1980 оны хоорондох 10 жилд бий болсон. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл шинжлэх ухааны байгууллага, шинжлэх ухааныг хөгжүүлэх ажил төлөвлөгөөтэй, төрийн бодлогоор явж ирсэн. Ингээд 1990 он буюу түүний дараагийн арван жилд байгалийн ухаан, технологийн чиглэлээр тухайн үеийн социалист орнуудад эрдмийн зэрэг цол олгодог боловсон хүчнийг олноор  бэлдсэн. Тэр нь мөн төлөвлөгөөтэй явагдсан. Ингэхдээ түүний дараагийн 5-10 жилд Монгол Улсад байгуулагдах орчин үеийн технологитой үйлдвэрүүдээ төлөвлөж байгаад, тэдгээрийг хамтад нь авч үзэж, боловсон хүчин бэлдэхэд маш чухал 10 жилийг зарцуулсан байдаг.

 –Ингэснээр Монгол Улсын хөгжил ямар хэмжээнд очсон бэ?

-Ямартай ч үүний дүнд 1990 он гэхэд манай улс ДНБ-нийхээ нэг хувийг шинжлэх ухаандаа зардаг, шинжлэх ухааны салбарт  зургаан мянган хүн ажилладаг, үндсэндээ нэг сая хүнд гурван мянган хүн ногддог болсон. Үүнээс  үзэхэд  манай улс тэр үед дэлхийн дунджид хүрсэн байгаа юм. Гэвч зах зээлийн шилжилтийн үеийн өөрчлөлтөөс болж салбар маань жижгэрч санхүүжилт нь багассан. Өнөөдөр 100 дахь жилдээ  байдлыг авч үзвэл бид улсын хэмжээнд ДНБ-нийхээ 0.12 хувийг шинжлэх ухаандаа зарж байна.  1990 онтой харьцуулахад ДНБ-ний эзлэх хувь хэмжээ найм дахин багассан. Тэр байтугай шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа  ажиллагсдын тоог авч үзвэл бид 1980 оны түвшиндээ   хүрч  чадаагүй. Тэгэхээр энэ он жилүүдэд  шинжлэх ухааны салбарт  ихээхэн хохирол учирсан. Бид 100 жилийн ой дээрээ алдаа дутагдал,  хор хохирлын асуудлыг ярихын зэрэгцээ ололт амжилтаа ч  цэгнэж байгаа. Ялангуяа  сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарт тавьдаг төрийн  бодлого, анхаарал эрс дээшилсэн гэж дүгнэж байна. 2019 онд Монгол Улс түүхэндээ анх удаа шинжлэх ухааны ажилтны Улсын анхдугаар хурлыг хийсэн. Энэ хуралд төрийн гурван өндөрлөг гурвуулаа оролцож, төр шинжлэх ухаанд  хандах хандлагаа өөрчилж байна гэдгийг албан ёсоор зарласан. Үр дүн нь 2020-2021 онд мэдрэгдэж байгаа нь төрийн бодлого, хандлага өөрчлөгдөгдөхөд  салбарт ямар хурдан ахиц дэвшил гарах боломж бүрддэг нь харагдаж байгаа. Жишээлбэл, 2019 оны Анхдугаар их хурлын дараа  шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг барих тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ ажил  өнгөрсөн оноос  эхэлж одоо  үргэлжлээд явж байна. Цогцолбор үндсэндээ 75 мянган м/кв талбайтай, 100 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй. Төлөвлөгөөний дагуу санхүүжилт хийгээд явбал  2023 онд эхний ээлж нь цогцолбортоо орно.  2024 онд   бүрэн ашиглалтад оруулахаар байгаа. Энэ бол эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин дэлхийн жишигт хүрч очно  гэсэн үг.

-Шинжлэх ухааны салбар төсөв багатай, ажилтнууд нь цалин орлого муутай явж ирсэн. Энэ байдал өөрчлөгдөх үү?

– 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд  байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөрт “Ирэх дөрвөн  жилд шинжлэх ухааны салбарт хийдэг төсвийн санжүүлтийг дөрөв  дахин нэмнэ” гэсэн. Тэгэхээр ДНБ-нд эзэлдэг шинжлэх ухааны салбарын  зардал 0.12 байгаа  нь дөрөв  дахин нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл  2025 оноос ДНБ-ний нэг орчим хувь нь шинжлэх ухаанд ирдэг болно гэсэн найдвар төрүүлж байгаа юм. Удахгүй шинжлэх ухааны салбарын хөгжлийн хоёр дахь зуун жил эхлэх гэж байна. Энэ эхлэлийг бид  нэлээд гэгээлэг харж байгаа. Төр, засгийн хандлага өөрчлөгдлөө, хөрөнгө оруулалт эрс сайжирлаа.  Сүүлийн 30 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалт  сүүлийн гурван  жилд хийгдээд явж байна. Эдгээрээс  ирээдүй  маань гэрэлтэй харагдаж байна. Гагцхүү шинжлэх ухааны салбарт ажиллагсад, эрдэм шинжилгээний ажилтнууд маань үүнд  урам зориг төрөхийн зэрэгцээ  бүтээмжээ дээшлүүлэхэд илүү анхаарч ажиллах шаардлага үүсч байгаа юм. Нэгэнт төсвийн санхүүжилт нэмэгдэж, хөрөнгө оруулалт өсөөд ирэхээр   тоног төхөөрөмж  авах нөхцөл, боломж, чадамж сайжирна. Үүн дээр ажиллах  нарийн мэргэжлийн операторуудаа бэлтгэх ажил руу  яаралтай орох шаардлага үүснэ. Эндээс  үзэхэд  ойрын таван жилд шинжлэх  ухааны салбарын нийт түвшин олон улсын жишиг рүү нэлээд  ойртохоор байна.  Гагцхүү  салбарын удирдлагад  ажиллаж байгаа хүмүүсийн  гол анхаарах зүйл нь энд ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг нэмэхэд чиглэх  учиртай.

-Дэлхийн аль ч  оронд эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин өндөр байдаг. Үүнтэй харьцуудахад манайх хаахна явна вэ?

-Жишээ нь ОХУ-д эрдэм шинжилгээний  ажилтны  цалин нь  улсынхаа  дунджаас хоёр дахин өндөр байхаар хуульчлагдсан байна. Манайд улсын дунджийг авч үзэхэд  1.3 сая гэсэн статистик  гардаг. Тэгвэл ОХУ-ын  жишгээр бодвол эрдэм шинжилгээний ажилтны цалин  2.6 сая байх жишээтэй. АНУ –д их сургуулийн профессор багш нарын цалин эрдэм шинжилгээний ажил хийж байгаа их сургуулийн судлаачдынхаас 20 орчим хувиар доогуур байдаг. Тиймээс судлаачийн цалинг өндөр болгох нь энэ салбарын удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн хоёр  дахь  зуун эхлэхэд хийх ёстой хамгийн гол ажил гэж бодож байгаа. Ингэж чадвал бид  нэгдүгээрт,  салбартаа  чадалтай хүнийг оруулж ажиллуулж чадна. Одоо бол чадалтай хүмүүс байна, гэвч салбартаа ажиллаж байгаад геологи уул уурхай эсвэл бизнесийн  салбар руу цалингаа дагаад явчихдаг. Хоёрдугаарт, хэрэв цалин харьцангуй өндөр байх юм бол энэ салбарт чадалтай мэргэжилтнүүд  тогтвортой урт хугацаанд ажиллах боломж бүрдэнэ. Энэ бол аль ч салбарт бүтээмжийг дээшлүүлэх гол хөшүүрэг. Ер нь  бол эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийнэ гэдэг  төрийн захиргааны байгууллагад сандал ширээ эзэгнэж олон жил суухаас огт өөр юм шүү дээ.

-Шинжлэх ухааны байгууллагын  100 жилийн ойн түүхэн өв гэвэл та юуг нь онцлох бол?

-Энэ жил бид  Монгол Улсын  шинжлэх ухааны түүхийг таван ботиор бичиж гаргалаа. Энэ маань дараагийн зууны хүмүүст үлдээж байгаа том бэлэг. Түүхэнд анх удаа шинжлэх ухааны түүх ном болж  гарч байгаа юм. Эндээс хойч үе маань  түүхийн сургамж авна. Өөр нэг асуудал нь одоо дэлхий даяар шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоон үзүүлэлтийг чухалчилж байна. Шинжлэх ухааны чадавхийг үнэлдэг нэг үзүүлэлт нь  тухайн улсын нэг сая иргэнд хэчнээн эрдэм шинжилгээний ажилтан ногдож байна вэ гэдэг үзүүлэлт байдаг. Түрүүнд би хэлсэн, 1990 он гэхэд манай улс нэг сая иргэнд гурван  мянган эрдэм  шинжилгээний  ажилтан ногдож байлаа. Одоо хүн ам өссөн, гэтэл эрдэм шинжилгээний ажилтны тоо буурсан. Өнөөдөр манай улсын  нэг сая хүнд 550  эрдэм  шинжилгээний  ажилтан  ногдож байна. Өмнөхтэй харьцуулахад тав дахин багассан байгаа биз.  Ази тивийн дунджаар авч үзвэл нэг сая хүнд ногдох эрдэм  шинжилгээний  ажилтны тоо 1500 байдаг. Манайх  Ази тивийн дунджаас бараг гурав  дахин бага,  нэг сая хүнд хамгийн олон эрдэм  шинжилгээний ажилтан  ногддог Финлянд  улстай харьцуулахад 16 дахин бага байна. Тиймээс цалинг нэмэгдүүлэхийн  зэрэгцээ бидний   нарийн төлөвлөж явах  асуудал бол эрдэм  шинжилгээний ажилтныхаа  тоог нэмэх,  ядаж  Азийн дунджид аваачих  нь чухал. Хүний тоо нэмэгдвэл тэр  дотроос чадалтай эрдэмтэд төрөх магадлал өндөрсөнө. Бүтээлийн хэмжээ нэмэгдэнэ. Ийм төлөвлөгөөтэй  бид хоёр дахь зуундаа хөл  тавих гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE