“Pfizer”-ын вакцин 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлжээ

Америкийн “Pfizer” компани “COVID-19”-ийн вакцин нь 12-15 насны хүүхдүүдэд урт хугацаанд өндөр үр дүн үзүүлж байгааг тогтоосноо даваа гарагт мэдэгдлээ.

“Pfizer”-ын мэдээлснээр, 2200 гаруй хүүхдийг оролцуулсан эмнэлзүйн туршилтаар вакцин хоёр тунг хийлгэснээс хойш долоо хоногоос дөрвөн сарын хугацаанд 100 хувийн үр дүн үзүүлсэн байна. Туршилтын хугацаанд оролцогчдын дунд “COVID-19”-өөр халдварлан шинж тэмдэг илэрсэн 30 тохиолдол илэрсэн нь бүгд плацебо тариулсан байжээ.

Энэ оны наймдугаар сард АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”-ын вакциныг 16 болон түүнээс дээш насныханд хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн баталсан бол 12-15 насныханд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм. Иймд “Pfizer” энэ насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батлуулахын тулд дээрх мэдээллийг Хүнс, эмийн чанарын хяналтын газарт хүргүүлжээ.

“Дэлхийн дахины эрүүл мэндийн байгууллагууд вакцинд хамрагдсан хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа энэ үед өсвөр насны хүүхдүүдийг хамруулсан энэхүү туршилтын дүн нь вакцины аюулгүй байдал, үр дүнд итгэл итгэлийг улам нэмэгдүүлж байна” гэж “Pfizer”-ын гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгдсэн байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”, “Moderna”-гийн вакцины нэмэлт тунг 18-аас дээш насныханд тарихыг зөвшөөрсөн юм.

SHARE