Карлсен: Непомнящий бол миний хувьд азтай сугалаа

Энэ сарын 26-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Дэлхийн шатрын аваргын титмээ хамгаалахаар Норвегийн их мастер Магнус Карлсен ОХУ-ын аварга Ян Непомнящийтай өрсөлдөх болно.

Магнус Карлсений хувьд энэ нь Хаан титмээ хамгаалах 4 дэх тулаан юм. Харин Непомнящийгийн хувьд Дэлхийн аваргын төлөө халз тоглох анхны тохиолдол нь. Тэд адилхан 31 настай. Өмнө нь хоорондоо таван удаа тааран тоглосон бөгөөд Ян Непомнящий 1:4-өөр илүү яваа. Эвгүй өрсөлдөгчийнхөө тухай юу бодож буйг нь Дэлхийн аварга Магнус Карлсенаас асуухад ингэж хариулжээ.

“Norway Chess тэмцээний үеэр тэр эхний 3-4 өрөгт маш хүчтэй, сайн тоглосноо дараа нь бага зэрэг уналтад орчих шиг болсон. Дэлхийн аваргын төлөөх халз тоглолтод тэгж уналтад орж огт болохгүй гэдгээ мэдэж байгаа байлгүй.

Түүний хувьд байрлал тун аятайхан байгаа хирнээ хожиж болохгүй байх юм уу эсвэл гарцаагүй тэнцэж дуусгах шаардлагатай үед хожигдчихвол сэтгэл санаанд нь хүнд тусч магадгүй.Миний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадах шатарчид бол Фабиано Каруана, Дин Ли Жэн нар гэж бодож байлаа. Бусдыг нь бол хувьдаа азтай сугалаа л гэж бодож байсан. Одоо ч гэсэн тэгж л бодож байна.Дэлхийн шатрын аваргатай өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээнийг хоёр хэсэг болгож хуваагаагүй бол Ян түрүүлж чадахгүй байсан болов уу. Учир нь тэр тэмцээний эхний хагасын сүүлчийн тоглолтдоо хожигдчихсон шүү дээ. Ер нь нэг хожигдчихоороо дараа нь нэг их сайн тоглож чаддаггүй хүн. Гэвч ямар ч байсан Дэлхийн аваргын төлөө тоглохоор боллоо.

Непомнящийгийн сул тал нь гэвэл тогтворгүй сэтгэл зүйтэй. Нэг их сайн тоглосноо дараа нь хоёр муу тоглож мэдэх шатарчин. Тэмцээний эхний дөрвөн өрөгт гурав хожиж гайхалтай сайхан эхлүүлснээ дараа нь тав дахь өрөг дээр маш сайн байрлалтай хирнээ хожиж чадахгүй хожигдож ч мэднэ. Ер нь сэтгэл хөдлөлдөө их автдаг хүн” гэж Карлсен хэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Дэлхийн эрэгтэй шатарчдын чансааг Магнус Карлсен 2855 оноотойгоор тэргүүлж, БНХАУ-ын Дин Ли Жэн 2799, АНУ-ын Фабиано Каруана 2791, Арменийн Левон Аронян 2782 оноотойгоор 2-4 дүгээр байрт бичигдэж байгаа бол ОХУ-ын их мастер Ян Непомнящий 2782 оноогоор буюу Левон Аронянтай адил оноогоор тавдугаар байрт жагсаж байна.

Та бүхэнд Дэлхийн шатрын Хаан титмийн төлөөх тоглолтын хуваарийг танилцуулъя.

Оюуны тулаан энэ сарын 26-нд эхэлж, ирэх сарын 15-нд дуусах товтой.

Эхний өрөг. 11 дүгээр сарын 26. 20:30 цагт эхэлнэ. /УБ цагаар/.

2 дахь өрөг. 11 дүгээр сарын 27. 20:30

3 дахь өрөг. 11 дүгээр сарын 28. 20:30

4 дэх өрөг. 11 дүгээр сарын 30. 20:30.

5 дахь өрөг. 12 дугаар сарын 1. 20:30.

6 дахь өрөг. 12 дугаар сарын 3. 20:30.

7 дахь өрөг. 12 дугаар сарын 4. 20:30.

8 дахь өрөг. 12 дугаар сарын 5. 20:30.

9 дэх өрөг. 12 дугаар сарын 7. 20:30.

10 дахь өрөг. 12 дугаар сарын 8. 20:30.

11 дэх өрөг. 12 дугаар сарын 10. 20:30.

12 дахь өрөг. 12 дугаар сарын 11. 20:30.

13 дахь өрөг. 12 дугаар сарын 12. 20:30.

14 дэх өрөг. 12 дугаар сарын 14. 20:30.

14 өргийн дараагаар ялагч тодроогүй бол тай-брэйкийг (Tiebreak) 12 дугаар сарын 15-нд товлосон.

Р.Гэгээ

SHARE