Месси болон Аргентины Ерөнхийлөгчийн хувийн мэдээллийг хакерджээ

Аргентин улсын 45 сая иргэний хувийн мэдээллийг хакердсан явдал гарч, дуулиан тариад байна. RENAPER буюу Аргентины Иргэний Үндэсний Регистрийн Газрын архивыг хакердаж, бүх иргэдийн хувийн мэдээллийг нэр нь үл мэдэгдэх этгээд /этгээдүүд/ гартаа оруулсан байна.

Аргентины 44 алдартны хувийн мэдээллийг твиттерт цацснаар мэдээлэл алдагдсан нь тодорхой болсон гэнэ. Тэдгээр 44 алдартны тоонд Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес, “Алтан бөмбөг”-ийн зургаан удаагийн эзэн, алдарт хөлбөмбөгч Лионель Месси нарын мэдээлэл ч багтаж, олон нийтэд цацагджээ. Иргэний үнэмлэхийн дугаар, хугацаа, гэрэл зураг, бүтэн нэр, хүйс, гэрийн хаяг, нийгмийн даатгалын дугаар гэх мэт хувийн мэдээллүүдийг нь задалсан байна. Гэмт этгээд хэн хүссэн хүнийхээ хувийн мэдээллийг тодорхой төлбөр төлөөд авч болож гэж зарлажээ.

Аргентины төр засаг үнэхээр чухал бичиг баримтуудыг хакердуулснаа хүлээн зөвшөөрөөд гэмт этгээдүүдийг хайж шалгаж эхэлснээ зарлалаа. Алдартнуудын хувийн мэдээллийг Эрүүл мэндийн яамны VPN хаягаас твиттерт оруулсан нь тодорхой болсон ч хэн мэдээллийг цацсныг одоогоор тогтоож чадаагүй байгаа ажээ.

Р.Гэгээ

SHARE