П.Анужин: Намайг гарын үсэг зурахад 50.000 долларын тухай заалт байгаагүй

УИХ-ын гишүүх Х.Ганхуяг тэргүүтэй гишүүдийн боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт олон нийтийн анхаарлын төвд буй. Уг хуульд гадаадын хөрөнгө оруулагч 50.000 ам долларын хөрөнгө оруулаад оршин суух эрх авах тухай асуудал байгаа юм.

Ийм хуулийн төсөлд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн П.Анужин энэ талаар дахин тайлбар хийжээ. Тэрээр “Энэ хуулийг өөрчлөх үзэл баримтлал, агуулгыг би дэмжсэн. Гарын үсэг нь байна. Хууль санаачлагч, боловсруулагч Х.Ганхуяг гишүүн маань УИХ, Байнгын хороонд оруулж ирэхдээ өөрөө өөрчилсөн шинээр нэмсэн зүйл заалтаа бидэнд танилцуулаагүй. Шууд хэлэлцүүлэгт оруулаад ирсэн. Нэг ёсондоо бидэнд үзэж танилцуулаагүй зүйлийг оруулж ирсэн гэсэн үг. Намайг СХД-ийн иргэд намайг улсаа худалдаад идчихгүй, ямар нэг зүйл болоход дуугарах хүн шүү гээд итгээд сонгосон хүмүүсийн өмнө би хариулах үүрэгтэй биз дээ. Тэгээд хариулсан хүнийг нь буруутгаад, хамт явж байгаа нэгнийгээ гээд. Хамт явсаад байх юм юу байх вэ. Хуулийн зарчмыг дэмжих, агуулгыг үзэл бодлынх нь хувьд дэмжих, улс эх орондоо нэгнийхээ хийж байгаа ажлыг нөгөө нь дэмжиж олондоо ойлгуулж, батлахыг яриад байгаа биз дээ. Түүнээс нэг хоёроороо найзлаад гараад явж байгаа асуудал биш.

Бас нэг харамсалтай зүйл бол бусадтайгаа зөвлөөгүй гэнэт оруулаад ирсэн ийм зүйл заалтаас болоод энэ том хөрөнгө оруулалтын хуулийг өөрчлөх энэ зөв санаа ингээд байхгүй болчихлоо. Ард түмэндээ эргэж зөв ойлдгуулах боломж байхгүй болчихлоо. Үүнд харамсч байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эхлээд оролдох сэдэв орших суух асуудал биш. Тогтвортой засаглал, экспортын зөв тэнцвэр, хууль эрхзүйн зөв орчин, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө алдвал хуулийн дагуу яаж шийдвэрлэх вэ, ил тод нээлттэй бодлого биз дээ. Эдгээрийг би дэмждэг учраас энэ хуулийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж гарын үсгээ зурсан. Тэр үзэл баримтлал дунд одоо оруулж ирсэн энэ зүйл заалт байгаагүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье” гэв.

SHARE