Өвлийн бэлтгэлээ илүү чамбайруулж ажиллахыг онцоллоо

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн шуурхай зөвлөгөөн хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр зөрчилгүй ажилласан байна. Үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд төлөвлөгөөний дагуу биелж буйг Үйлдвэрлэлийн хэлтэс мэдээлэв. Мөн бүтцийн нэгжүүд намар, өвлийн бэлтгэл, төлөвлөгөөт засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа цаг хугацаанд нь амжуулахаар дор бүртээ шаргуу ажиллаж байгаа талаар мэдээлэлдээ дурьдсан. Өнгөрсөн 7 хоногт “Уурхайчин-1” хорооллын цахилгааны шугам татах ажлыг Цахилгаан цехийнхэн гүйцэтгэж дууссан бол Геологи хайгуулын экспедиц энэ сард төлөвлөгөөт өрөмдлөгөө гүйцээхээр ажиллаж байна. Ган бөөрөнцөгийн цехэд 516 тонн бэлдэц Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс татан авч, Тээвэр ложистикийн төвийн хамт олон өвлийн бэлтгэл хангах ажлаа эрчимжүүлж байгааг мэдээлэв. Эрчим хүчний хэлтсийн мэдээлснээр цахилгаан дамжуулах трансформаторын засвар үргэлжилж, энэ баасан гаригт дуусгахаар төлөвлөж байгаа аж. Барилга, байгууламжийн хяналт төлөвлөлтийн хэлтсээс хотын бүсэд “Тавин лан” компанийн гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын ажлууд ирэх 12 сарын 30 гэхэд дуусгахаар ажиллаж буйг онцлов. Харин энэ сарын 20-нд бүх халаалт дулаан өгөх ажил жигдэрнэ гэж мэдээлсэн. Хэдийгээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт биелж байгаа ч тодорхой хэдэн асуудалд анхаарах шаардлагатай байгааг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх дурьдлаа. Үйлдвэрлэл бол нэг хэсэг нь л удаашрах буюу доголдоход бусад үйл явцад нөлөөлж байдаг уялдаа холбоотой ажил. Жишээлбэл, белазын явах ангийн сэлбэг дутагдвал ачаа эргэлт, хүдэр өгөлтийн төлөвлөгөө тасрах, Ил уурхайд насосны хангалтгүйгээс тэсэлгээний чанар муудах эрсдэлтэй. Тиймээс холбогдох нэгжүүд технологийн материалын нийлүүлэлт, чанарт онцгой анхаарал хандуулахыг сануулав. Мөн зэсийн баяжмалын чанарыг 22.2 хувьд барьж ажиллахыг Үйлдвэрлэлийн хэлтэс, Чанар хяналтын хэлтэст, утаагүй түлшний үйл ажиллагааг жигдрүүлж, үйлдвэрийн Ерөнхий захиралд ажлын явцаа танилцуулахыг Эрчим хүчний хэлтэст тус тус үүрэг болголоо. Энэ жил хатуухан өвөл болох төлөвтэй байгаа тул өвлийн бэлтгэлээ чанартай, илүү чамбайруулж базаахыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шуурхайн үеэр онцлон анхааруулав. Түүнчлэн Ерөнхий захирал, чиглэл хариуцсан орлогч нар болон газар хэлтэс,цех нэгжийн удирдлагуудын мэдээлэлтэй холбогдуулан цаг үеийн асуудлыг хөндөж, тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, халуун хоолоор хангадаг зарим компанийн гэрээний хугацаа дууссан тул дараагийн шалгаруулалт хүртэл ажилчдын халуун хоолоор таслахгүй байхаар зохицуулалт хийх, мод тарих хөтөлбөрийг зөвхөн Эрдэнэт хот биш ойр орчим, бүс нутгийн хэмжээнд тарьж ургуулах байдлаар боловсруулах, оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаа, үр дүнгийн хурлыг энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулах, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэр тусмаа Эрдэнэт сувиллын цогцолбор зэрэг мэргэжлийн байгууллагууд тандалт, хяналтаа илүү сайжруулж ажиллах зэрэг чиглэл өгч, цех нэгжүүд он дуустал үлдэж байгаа хугацаанд төлөвлөгөөт ажлаа эрчимжүүлж ажиллахыг даалгалаа.

SHARE