Монголын эдийн засгийн ирээдүйн хөдөлгүүр-Зэс

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын хувь нэмэр өндөр. Сүүлийн 10 жилд буюу 2010-2020 оны хооронд ДНБ, төсвийн орлого, төсвийн хөрөнгө оруулалт их нэмэгдэж, цалин, нийгмийн халамж, улсын хөрөнгө оруулалт өссөн дүнтэй байна. Монгол Улс 2000 оны байдлаар 1 тэрбум ам.доллар хүрэхгүй орлоготой байснаа 14 тэрбум ам. долларын орлоготой болтлоо өсөж, дундаж орлоготой дэлхийн 200 гаруй орны дотор эдийн засгийн хэмжээгээр (ДНБ) эхний 100-д багтаж, хүний хөгжил, өрсөлдөх чадвараар мөн л дундаж хөгжилтэй орнуудын эгнээнд хүрээд байна. Энэ хугацаанд Мянганы зам, Оюутолгойн уурхай, Ухаа Худаг нүүрс боловсруулах үйлдвэр, МАК болон бусад компанийн  нүүрс, зэс, алтны уурхай болон баяжуулах хүнд аж үйлдвэр, уул уурхай, боловсруулах төслүүд, дэд бүтцийн авто замууд, төмөр зам, олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт гэсэн том төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүн юм. 2011-2020 оны хооронд Монгол Улсын ДНБ-д уул уурхайн салбар дунджаар 21.7 хувийг, 2020 оны IV улирлын байдлаар нийт ажиллагсдын 3.9 хувийг бүрдүүлж байна. Тухайлбал, Оюутолгойн уурхайг жишээ болгож үзэхэд, нийт ажиллагсдын 73.9 хувь нь улсын дунджаас дээш буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч байна (хамгийн сүүлд хийсэн, Оюутолгойн Монголын нийгэм, эдийн засагт COVID-19 үед үзүүлэх нөлөө, МУИС ЭЗХ-гийн 2021 оны судалгааг иш татав).
Уул уурхайн болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зэсийн салбар Монголын эдийн засагт чухал үүргийг гүйцэтгэж, уул уурхайн салбар үндэсний эдийн засагт оруулж байгаа хувь нэмрээр Монгол Улс дэлхийд гуравдугаарт орж, Узбекистан (16), Казахстан (17), Гүрж (22), ОХУ (23) оронтой харьцуулахад илүү өндөр хувь нэмэртэй байна.
2021-2030 онд дэлхийн зах зээлд гарах гол эерэг өөрчлөлт, хандлага нь зэсийн зах зээлийн өнөөгийн байдал, COVID-19-ийн нөлөө, “ногоон эдийн засгийн хөгжил”, хотжилт гэж үзэж болно. Зэс нь хүний хэрэгцээний салшгүй чухал хэсэг болсон. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт гарсаар буй шинэ нээлт, бүтээл бүрийн ард зэсийн хэрэглээ эрс өсөж иржээ. Дэлхий даяар эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан бараа, барилгын салбар, аж үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний болон бусад ахуйн хэрэглээний салбарт эрэлт хэрэгцээ сүүлийн 50 жилд дунджаар гурав дахин өсжээ. Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбарууд зэсийг их хэрэглэдэг [ISCG, 2020].
COVID-19 цар тахал нь дэлхийн эдийн засагт, түүний дотор металл хүдрийн зах зээл, зэсийн зах зээлд томоохон нөлөө үзүүлж байна. Зэсийн хувьд коронавирусын тархалт нь гурван чиглэлээр голдуу нөлөөлсөн гэж үзэж байна. Дэлхий даяар онлайн харилцаанд шилжиж, ажил, боловсрол зайны сувгаар явагддаг болсон нь эхний том нөлөө үзүүлэх хүчин зүйл болж. Хоёрдугаарт, дэлхий даяар явагдаж буй “ногоон” технологийн хөгжил их нөлөөлсөн. Гуравдугаарт, зэсийн эрүүл мэндийн салбар дахь хэрэглээ, түүнийг анагаах ухааны талаас авч үзсэн нь судлаачдын анхаарлыг татаж байна. Ялангуяа харилцаа холбооны салбарт COVID-19 цар тахлын үед дэлхий нийтээрээ үүрэн харилцаа холбооны хамгийн өндөр хурдтай, шинэ стандартын 5G сүлжээг АНУ, Европын холбоо, Япон, БНХАУ улсад эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн.
Ийнхүү нэг талаас зэсийн хэрэглээ нэмэгдэж “зэсийн шинэ эрин үе” эхлэх гэж байхад, 2020 онд дэлхийн гол үйлдвэрлэгч таван оронд зэсийн үйлдвэрлэл буурах хандлагатай болсон. Энэ таван орон дэлхийн зэсийн баяжмалын ¾-ыг гаргадаг (Chile, Peru, Indonesia, Australia, Canada).  Үүний шалтгаан нь 2012 оноос дэлхийн зэсийн үйлдвэрлэл зогсонги байдалд орж, томоохон шинэ төслүүд ашиглалтад ороход бэлдээгүй байсан. COVID-19-ийн тархалтаас болж ашиглалтад орох гэж байсан шинэ уурхайнуудыг ажилд оруулах, өргөтгөх явц өөрөө их удааширч, зарим уурхай, тухайлбал, Чили улсын El Teniente, Chuquicamata зэрэг хамгийн том уурхайд гүний уурхайн ажлыг бүрмөсөн зогсоож, “Quebrada Blanca” гэсэн 15 мянган ажилчинтай уурхайг 6 сараар хаасан. Мөн Перу улсын Quellaveco уурхайн ажил коронавирусаас болж зогсонги байдалд орсон. Ийнхүү, судлаачдын тооцоогоор, COVID-19 цар тахлын нөлөөнөөс болж 2020 оны эхэнд дэлхийн хамгийн том экспортлогчдын нэг, Перу улсын хувьд, зэсийн олборлолт 23 хувиар буурч, ажиллагсдын 75 хувь нь хөл хорионд орсон, шинэ төслүүд зогссон, өргөтгөлийн ажил завсарласан зэргээс болж зэсийн зах зээлд нийлүүлэлтийн дутагдал үүсэж, үнэ өсөж эхэлсэн. Тухайлбал, 2020 онд зэсийн үнэ өндөр түвшинд хүрсэн. 2021 он гараад зэсийн үнэ үргэлжлэн өсөж, Лондонгийн металлын зах дээр нэгдүгээр сарын эхээр гэхэд сүүлийн найман жилд хамгийн өндөр түвшин буюу нэг тонн 8238 ам.долларт хүрчээ. Судлаачдын үзэж байгаагаар зэсийн үнийн өсөлтөд COVID-19 цар тахлаас үүдэлтэй эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн доголдол болон бусад холбогдох хүчин зүйл голчлон нөлөөлсөн.
Монгол Улсын хувьд зэсийн хүдрээр 11444 сая тонн, металлаар 79548.6 сая тонны зэсийн нөөцтэй. Түүний зах зээлийн үнэлгээ 529 орчим тэрбум долларын үнээтэй (2018) байгаа. Хайгуулын ажлыг идэвхжүүлэх шаардлагатай байна. Одоогийн ашиглаж байгаа ордуудын хувьд Эрдэнэт, Оюутолгой нь эхний ээлжинд ашиглаж байгаа бол дараагийн ээлжинд Цагаан суваргын орд ашиглалтад оруулах нь чухал байна.
Оюутолгой, Цагаан суварга болон Эрдэнэт нийлээд Монголын эдийн засагт улам их өндөр үүргийг гүйцэтгэх нь тодорхой. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн өргөтгөл, МАК-ийн төсөл эхлээгүй байгаа үед зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх цорын ганц боломж нь Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулах явдал юм. Зэсийн салбар ийнхүү дэлхий даяар эрчимтэй хөгжиж, үнэ цэн, эрэлт нэмэгдэж, шинэ техник технологийг гүний уурхайн олборлолтод нэвтрүүлж монгол залуус, инженерүүд гардан хэрэгжүүлж буй нь манай давуу тал болж байгааг энд онцолж байна. Тухайлбал, “Блокчлон нураах арга” хэмээх гүний уурхайн өндөр технологийг эзэмшсэн компани дэлхийд цөөн байхад Оюутолгойн гүний уурхайд амжилттай хэрэгжүүлж олборлолт эхлэхэд нэн шаардлагатай дэд бүтцийн ажил эрчимтэй явагдаж огтлох малталтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Блокчлон нураах технологи нь анхны хөрөнгө оруулалт их шаарддаг ч урт хугацаандаа ашиглалтын зардал бага, үр ашигтай олборлох арга. Гол онцлог нь олборлолт эхэлснээс хойш тасралтгүй явагддаг, зардал багатай, хаягдалгүй технологи юм.
Зэсийн баяжмалын экспорт нь ойрын 20-30 жилдээ гадаад худалдааны эргэлтэд чухал байр суурь эзлэхээр байна. Ийнхүү зэсийн салбар 2016-2018 оны байдлаар Монгол Улсын экспортын 40-50, төсвийн орлогын 15-20, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-80 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг шууд утгаар бүрдүүлж байгаа. Цаашид манай улс зэсийн экспортыг нэмэгдүүлж 2020 онд 1.778 тэрбум ам.долларын экспортын орлого олсон бол 2023-2025 онуудаад 2.8 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Дэлхийн зах зээлийн үнэ өсөх үед гурав орчим тэрбум ам.долларын экспортыг дан зэсээр бүрдүүлж, татварын орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Дүгнэхэд дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ нь цаашид тасралтгүй өсөх хандлагатай ба сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон гибрид машин, хотжуулалт, цахилгаанжуулалт, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан “зэсийн шинэ эрин үе” эхэлж байна. Дэлхийн нөөцтэй харьцуулахад Монгол Улсын нөөц нь тийм их биш боловч Оюуолгойн гүний уурхайд цаг алдалгүй олборлолтыг явуулснаар манай улс дэлхийн зэсийн салбарт чухал нийлүүлэгч, тоглогч болох боломж нь бүрдэнэ.
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор Ч.ХАШЧУЛУУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

SHARE