Оросууд анх удаагаа жүжигчин бүсгүйг сансрын станц руу илгээлээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 5-нд орон нутгийн цагаар 11:55-д ОХУ-ын Байконуур сансрын буудлаас “Союз МС-19” сансрын хөлгийг хөөргөлөө. Энэхүү сансрын хөлөгт сансрын нисэгч Антон Шкаплеровоос гадна жүжигчин Юлия Пересильд болон кино найруулагч Клим Шипенко нар багтжээ.

Кино найруулагч болон жүжигчин бүсгүйг сансрын хөлгөөр хөөргөж, Олон улсын сансрын станцад ийнхүү аваачсан нь “Вызов” уран сайхны киноны зураг авалт хийх зорилготой гэнэ.

Сансрын хөлөг 3 цаг 27 минут огторгуйд аялсны эцэст Олон улсын сансрын станцад очжээ. Тэд аравдугаар сарын 17-нд дэлхийд буцаж ирэх хуваарьтай юм байна.

Оросын Олон Нийтийн Телевиз буюу ОРТ, “РосКосмос”-той хамтран бүтээж буй “Вызов” киноны зураг авалтын зарим хэсгийг сансрын бодит станцад авахаар болж, өнгөрсөн хавраас эхлэн кино найруулагч, жүжигчин хоёр биеийн бэлтгэлээ базааж эхэлжээ. Жингүйдэлд хэрхэн дасан зохицох зэрэг олон бэлтгэл хэдэн сарын турш хийсэн байна.

Ийнхүү кино урлагийн түүхэнд анх удаагаа Олон улсын сансрын станцад киноны зураг авалт хийж эхлээд байна. Гэлээ ч Орост үүнтэй холбоотой багагүй маргаан гараад амжлаа.

“Олон улсын сансрын станц бол жүжигчин, алиалагч нарын байх газар биш. Мэргэжлийн хүмүүст ажилд нь ингэж саад хийж болохгүй. Тэгээд ч “Вызов” гэх энэ киноны зураг авалт өөдтэй, ашигтай ч болохгүй. 10 хоногийн дотор тэд юугаа хийж амжих вэ дээ” хэмээн сансрын нисэгч Михаил Корниенко эгдүүцсэн байна.

Мөн сансрын нисэгч Сергей Рязанский “Муугүй л пиар нүүдэл юм. Гэхдээ ийм давчуу хугацаанд тийм сайн зураг авалт хийж амжихгүй л болов уу” гэжээ. Зарим нь маш их зардал гаргаж сансрын станц руу жүжигчин бүсгүйг явуулах хэрэггүй байсан гэж мэдэгджээ. Тэгвэл энэхүү киноны ивээн тэтгэгч нь ОРТ учир бүх хөрөнгийг улсаас биш бие даан гаргаж байгаагаа мэдэгдээд амжлаа.

Р.Гэгээ

SHARE