Фергюсон: Ийм хүнтэй чинь юу ярих вэ дээ…

Английн “Манчестер Юнайтед”-ыг 26 жилийн турш удирдахдаа лигийн аваргын цомыг 13 удаа атгуулж, хоёр удаа Аваргуудын лигийн аваргын цомд хүргэсэн  шотланд мэргэжилтэн Сэр Алекс Фергюсон португал довтлогч Криштиано Роналдогийн тухай ийн өгүүлжээ.

“Роналдогийн нэг онцлог чанар бол юмыг их хурдан сурж, засч сайжруулж чаддаг. Хүмүүс эхэндээ түүнийг “Жүжиглэж унах юм” гэж баалдаг байлаа. Тийм ээ, тэр үнэн. Үнэхээр тийм байсан. Гэхдээ хэсэг зуур л тийм байсан. Довтолгоонд салхи шиг хурдлан дайрдаг болохоороо тохойлдуулахад л унаад өгдөг тал бас бий. Аажим аажмаар Роналдо яаж тоглох учраа ойлгосон. Ер нь төрөлхийн гэмээр их хүсэл тэмүүлэл түүнд байдаг юм.

Шилдэг нь болохын тулд их ч зүйл золиосолсон. “Арсенал”-тай тоглохын өмнө аадар бороонд бэлтгэл хийгээд л байсныг нь би санадаг. Бэлтгэл бүрийн дараа Роналдо үлдэж, нэмж бэлтгэл хийдэг юм. Тэр их бороонд газар норчихоод хальтаргаатай байсан учир би “Гадаа их хальтаргаатай байна. Зүлэг ч бүр шал ус болчихож. Одоо энд бэлтгэл хийгээд дэмий” гэлээ. Ингэж хэлчихээд өрөөндөө ороод цонхоор хартал яасан гээч? Нөгөөх чинь хиймэл зүлгэн дээр гарчихсан бэлтгэл хийж байдаг юм. Ийм хүнтэй чинь юу ярих вэ дээ. Ямар хөөгөөд явуулалтай биш” хэмээн Фергюсон өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE