Паулета: Роналдо энэ улиралд Кейн, Лукаку хоёроос олон гоол оруулна

Португалын шигшээгийн нэгэн цагийн гол довтлогч явсан Педро Паулета эдүгээ 36 настай ч талбайд гялалзсаар яваа Криштиано Роналдогийн тухай ийн өгүүлжээ.

“Бид үнэн юмыг үнэнээр нь л хэлэх ёстой. Роналдог өсвөр наснаас нь хараад ирээдүйд ийм аугаа амжилтад хүрнэ гэж мэдэж байсан хэмээн мэдэрхийрэгчид бол худалчид. Бид түүнийг од болно гэдгийг бол мэдэж байсан. Гэхдээ ийм гайхамшигтай замнал бүтээж чадна гэж төсөөлөөгүй. Роналло үеийнхнээсээ өөр байсан нь бол үнэн. Их зорилго тэмүүлэлтэй, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хүү байлаа. Тийм ээ, тийм байсан.

18 настайдаа Деку, Руй Кошта бид нартай хамт шигшээдээ тоглохын тулд авъяас хэрэгтэй. Амжилтын гол үндэс нь түүний хөдөлмөр юм. Хөдөлмөрийнхөө үр шимээр гайхамшгийг бүтээсэн.

Роналдо үргэлж шилдэг нь л байхыг хүсдэг. 18-тай байна уу, 36-тай байна уу түүнд хамаагүй. Хэний ч эсрэг гарлаа хожих л гэдэг. Нөхөрсөг тоглолтод хүртэл гоол хийх гэж улайрдаг. Ширээний теннис, хөзөр тоглолоо ч гэсэн хожих л гэнэ. Төрөлхийн ялагч. Англид амжилт гаргана гэдэгт нь эргэлзэхгүй байна. Кейн, Лукаку хоёроос лав олон гоол оруулна даа. Төрөлхийн мэргэн бууч хүнийг хорьж дийлэхгүй. Их хурдтай болохоор эхэндээ жигүүрт гаргаж байлаа. Хурдаараа ааглаж тоглоод олон ч гоол оруулсан. Одоо 36 настай хүн хурдаа алдалгүй яахав. Гэвч түүнд өөр чадвар нэмэгдсэн нь гоолын зөн. Одоо үзүүрийн довтлогчоор голцуу гарах болж. Премьер лигийн мэргэн бууч болж чадна гэж бодож байна. Ширүүн өрсөлдөөнтэй лиг ч гэлээ тэрнээс их хүчтэй сэтгэлзүйтэй хүн болохоор хүссэндээ хүрч чадна” хэмээн Паулета өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE