Балотелли “Бешикташ”-ийн дасгалжуулагчид хариуг нь өгч, шуугиан тарив

Туркийн Супер лигийн “Бешикташ”-“Адана Дэмирспор”-ын тоглолт 3:3-аар тэнцэж өндөрлөсөн. Энэ тоглолтод Марио Балотелли нэг гоол оруулсан юм. Харин гоол оруулсныхаа дараагаар өрсөлдөгч “Бешикташ” багийн ахлах дасгалжуулагч Серген Ялчин руу дөхөж очоод толгой руугаа заажээ.

Хэргийн учир нь “Манчестер Сити”-д байхдаа Марио Балотелли “Лос-Анжелес Гэлакси”-тай хийсэн тоглолтын үеэр хаалгачийн өөдөөс ганцаараа гарчихаад зориудаар эргэж өсгийлдсөн нь хаалганы хажуугаар өнгөрчихсөн юм. Энэ тоглолтыг Английн телевизээр тухайн үед Серген Ялчин тайлбарлаж таарсан бөгөөд “Өрсөлдөгчөө хүндэлнэ гээчийг мэддэггүй толгой муутай юм” гэж шүүмжилсэн ажээ.

 

Марио Балотеллиг Туркт очиж, “Бешикташ”-тай тоглохын өмнө хэвлэлийнхэн Серген Ялчины тэр үгсийг байн байн сануулжээ. Ингээд хөлбөмбөгч “толгой муутай” гэж тодорхойлсонд нь эгдүүцснээ илэрхийлж ийм үйлдэл хийсэн байна.

Тоглолтын дараагаар Серген Ялчин итали довтлогчтой муудалцаж, “Бешикташ” ч мэдэгдэл гаргаад амжлаа. “Марио Балотелли өнөөдөр манай багийнхны эсрэг зүйд нийцэмгүй үйлдэл гаргалаа. Спортын биш үйлдэл бүрт шийтгэл байх ёстой. Түүнд ямар шийтгэл ногдуулахыг хүлээх болно” хэмээн мэдэгдэлд дурьджээ.

Р.Гэгээ

SHARE