Акэгийн аав хүүгийнхээ гоолын дараа амьсгал хураажээ

Европын Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтдоо Английн “Манчестер Сити” талбайдаа Германы “РБ Лэйпциг”-ийг 6:3-аар хожиход эхний гоолыг нидерланд хамгаалагч Натан Акэ оруулсан.

Энэ гоолоос хэдхэн минутын дараагаар Акэгийн аав тэнгэрийн оронд морилжээ. Тэрбээр олон сарын турш хүнд өвчиндөө шаналжээ.

“Сүүлийн хэдэн долоо хоног миний амьдралын хамгийн хэцүү үе байлаа. Аав минь хүнд өвчинд нэрвэгдэж, эмчилгээ хийлгэсэн ч өвчин зовиур нь арилахгүй их зовсон. Тэр үед намайг гэр бүл, сүйт бүсгүй, найз нөхөд маань сэтгэл санаагаар дэмжиж байлаа. Өчигдөр би Аваргуудын лигт анхныхаа гоолыг оруулсан. Үүнээс хэдхэн минутын дараагаар аав минь ээж, ах хоёрын маань гар дээр тэнгэрийн оронд амгалан морилжээ. Аавын минь дэргэд хайртай хүмүүс нь байсан.

Хэзээ нэгэн цагт ийм хагацал тохиолдох л байсан. Миний тоглолтыг үзэхдээ аавын минь нүдэнд оч асч, хүүгээрээ мөн ч их бахархдагсан. Тэр гоолын агшинд ч гэсэн надтай хамт байсан гэдгийг мэдэж байна. Та минь хүүгийнхээ зүрхэнд үргэлж хамт байх болно. Аав аа, энэ гоолыг хүү нь тандаа зориулсан юм шүү” хэмээн Натан Акэ өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE