Өмгөөлөгч Б.Баасанцогтын хамсаатан прокурор Ш.Нямдоржоос 199 саяыг хурааж, нэмж 14 саяар торгожээ

Өнгөрөгч наймдугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн гэрт Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж 48 цагийн хугацаатай саатуулсан.

Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байсан юм.

Ш.Нямдоржид холбогдох эрүүгийн хэргийн талаар

Нийслэлийн прокурорын газраас Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 /нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй / дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байна.
Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай иржээ.
2021-09-09-ний өдөр шүүхээс шүүгдэгч Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрийн сангийн хохирол нөхөн төлүүлэх дансанд байршиж буй 199,000,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.
SHARE