Фанатууд шээстэй сав шидсэнд тагтаа буруутай

Нидерландын Эредивизийн “Твенте”-“Утрехт”-ийн уйтгартай маягийн тоглолтод талбайн эзэд 1:0-ээр хожжээ. Гэвч тоглолтын дараагаар шуугиан дэгдсэн байна.

“Твенте”-гийн стадионд зочин багийн фанатууд дээд эгнээнд суудаг уламжлалтай. Харин тэдний дор нь талбайн эзэн багийн фанатууд сууна. Энэ тоглолтыг хүртэл ингэж суулаа гээд элдэв асуудал үүссэн удаагүй.

Гэвч “Утрехт”-ын фанатууд энэ удаад яагаад ч юм ундууцан ундаатай сав, мөн шээстэй сав доош шидэж, талбайн эздийн фанатуудыг залхааж, бухимдуулжээ. Зарим фанатууд ийм бохир зүйлийг тэвчиж чадалгүй стадионоос гарч одсон байна. Тэгээд тоглолт тайван үзэх боломжоор хангаагүй учир тасалбарын мөнгөө буцааж авья гэжээ. Клубын зүгээс тасалбарын мөнгийг нь буцаан өгч эхэлсэн гэнэ.

Үйл явдал үүгээр дуусчихсангүй ээ. “Утрехт”-ын фанатууд зарим хүмүүс таагүй үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрсөн ч гэлээ бухимдсан гол шалтгаан нь тэдний суудал дээр тагтааны сангас байсан гэнэ. Тагтааны сангастай учир тоглолтын турш суух боломжгүй болсондоо бухимдан янз бүрийн зүйлс шидэлсэн байхыг үгүйсгэхгүй гэжээ. Өмнөх тоглолтоос хойш зочин багийн фанатуудын суудлыг цэвэрлээгүй ч байхыг үгүйсгэхгүй гэсэн байна.

Энэ мэдэгдлийг “Твенте”-гийн удирдлага нягтлахаар хүмүүсээ явуулахад үнэхээр суудлууд дээр тагтааны сангас дүүрэн байж. Ингээд клубын удирдлага мэдэгдэл гаргасан байна.

“Шалгаж үзэхэд суудлууд дээр үнэхээр сангас байна. Тиймээс фанатуудын стадионд тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тоглолтоос өмнө бид бүх суудлыг цэвэрлэсэн. Гэхдээ тоглолт эхлэхийн өмнө тагтаан сүрэг стадион дээгүүр нисэн өнгөрсөн тул тийм байдал үүссэн байх. “Твенте”-гийн удирдлага болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлээд цаашид ийм явдал давтахгүй байхын төлөө хичээн ажиллана” гэжээ.

Р.Гэгээ

SHARE