Бускетс: Месси явсан нь биднийг цочирдолд оруулсан

Лионель Месси явснаар Испанийн “Барселона” Аваргуудын лигт хэр хол давхих бол гэсэн сониучирхал, таамаглал газар авч байна. Тэгвэл энэ сэдвээр Каталоны багийн тулгуур тоглогч Серхио Бускетс бодлоо хэлжээ.

“Лео манай багийн хувьд болон миний хувьд маш их чухал хүн байсан тул явсан нь цочирдолд оруулсан. Үүнтэй эвлэрэхэд хэцүү ч гэлээ бид өнгөрснийг санагалзах биш одоо цагаа л бодох ёстой. Леогүй орчинд дасч, түүнгүйгээр тоглож сурахаар бид хичээж байна.

Хөлбөмбөгт юу ч тохиолдож болно шүү дээ. “Челси” өнгөрсөн улиралд түрүүлэх магадлалтай багуудын тоонд нэрлэгдээгүй хэрнээ л түрүүлчихсэн. Хамгийн гол нь багийн тоглолт. Одоо бид үүн дээр л анхаарах ёстой.

Леогийн хувийн ур чадвар одоо бидэнд тус болохгүй  учир багийн тоглолтоо л сайжруулах хэрэгтэй. Хэцүү байх ч гэлээ манай багийн залуус том амжилтад хүрэхийг хүсч тэмүүлж буй эрч хүчтэй, амбицтай. Тэгэхээр яагаад бид хол давхина гэж бодож болохгүй гэж” хэмээн Бускетс өгүүлжээ.

“Барселона”-гийн энэ улирлын Аваргуудын лиг өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-ээс Германы аварга “Байерн Мюнхен”-тэй тоглосноор эхэлнэ.

Р.Гэгээ

SHARE