Афганистан: Шинэ Засгийн газарт “Талибан” талыг үндэслэгчдийн нэрс дуулдаж байна

“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Афганистаны шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг олон нийтэд зарлахаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл энэ хугацааг дахин  ирэх долоо хоног хүртэл хойшлуулав.

“Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забуилла Муджахид хэлэхдээ, “Шинэ Засгийн газар, түүний сайд нарын нэрсийг ирэх долоо хоногт зарлах болно” гэснийг “Times of India” мэдээллээ.

Есдүгээр сарын 3-нд Афганистаны шинэ Засгийн газрыг Мулла Абдул Гани Барадар удирдах нь тодорхой болсон. Түүнчлэн, Засгийн газрын удирдах албан тушаалд шинэ шинэ нэр дэвшигчид бүртгэгдсэн байна. Үүнд, “Талибан” талыг үндэслэгч Мулла Омарын хүү Мулла Мохаммед Якуб, Шер Мохаммад Аббас нарын нэр байгаа сураг байгаа аж.

Есдүгээр сарын 1-нд Талибанчууд Афганистаны ирээдүйн Засгийн газарт зөвхөн хөдөлгөөний гишүүд багтана гэж мэдэгдсэн билээ. Өмнөх засаг захиргааны гишүүд Афганистаны удирдлагын гол албан тушаалд томилогдохгүй гэсэн үг.

Наймдугаар сарын 24-нд Талибанчууд Афганистаны хяналтын систем, бүтцийг авч хэлэлцэн, шийдсэн талаараа мэдээлсэн. “Foreign Policy” хэвлэлийн мэдээлснээр, Талибанчууд 12 гишүүнтэй Удирдах Зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Талибанчууд наймдугаар сарын 15-нд Афганистан Улсыг эзэлсэн. Засгийн газар болон төрийн дээд аппаратын нэлээд хэсэг нь эх орноосоо дүрвэсэн. Хөдөлгөөний төлөөлөгчид холбогдох бүх талуудтай энх тайван, бүтээлч харилцаагаа хадгалах бодолтой байгаагаа олон улсын хамтын нийгэмлэгт итгүүлээд байгаа юм.

SHARE