Спортын холбоод руу гишүүдийг хөтөлсөн УИХ-ын “улаан ямаа” нь Х.Нямбаатар болов!

Х.Нямбаатар Боксын холбооны ерөнхийлөгч болжээ. Хэдэн жилийн өмнө бол Монголын улс төрд нэг их сонин мэдээ биш л дээ. Гишүүн болгон, улстөрч бүр спортын холбоо, Нутгийн зөвлөл гээд ТББ-уудыг тэргүүлдэг байв. Эергээсээ сөрөг дүн ихтэй энэ үйл явц хэдэн жилийн өмнөөс хумигдаж эхэлсэн юм. Учир нь УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглосон заалтыг хуульд оруулсан. Гэвч энэхүү заалтыг өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 09-ний өдөр хүчингүй болгож, өөрчлөн шинэчилжээ. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 42 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал гэсний 42.1.4-т зааснаар Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй гэж өөрчлөн баталсан байгаа юм. Ингэснээр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд спортын холбоодын удирдах зөвлөлд сонгогдож, ерөнхийлөгчөөр нь ажиллах бүрэн боломжтой болсон юм. Энэ хуулийнхаа дагуу Х.Нямбаатар хамгийн түрүүнд спортын холбооны ерөнхийлөгч болов. Дээхнэ үед ачигдаж ирсэн малыг нядалгааны цех рүү дагуулж ороод сурчихсан “махкомбинатын улаан ямаа” гэж байсан гэдэг. Түүн шиг Х.Нямбаатар “эзэн” болох их хүсэлдээ хөтлөгдсөн гишүүдээ спортын холбоод руу хөтөллөө.

SHARE