Хэн юуны тулд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдэв?

 

Б.Галцог

Өнөөдөр /2017.5.1/-ийн байдлаар УИХ-д суудалтай АН, МАХН-аас Ерөнхийдөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн хэдэн хүн бий. МАН ирэх лхагва гариг буюу тавдугаар сарын 3-нд Бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ зарлах юм. Харин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн улстөрчид чухам юуны төлөө нэр дэвшихээ хэрхэн тайлбарласныг Та бүхэнд хүргэе.

Н.Алтанхуяг. Тэрээр АН-аас хамгийн түрүүнд буюу 2016 оны аравннэгдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн юм. Энэ үеэрээ “…Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн, нам дамнасан бүлэглэлийн хамаарлыг тас цохиж, монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлах, чөлөөлөх цаг ирсэн. Би ард түмнийхээ язгуур, эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж, бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ” гэсэн юм.

Э.Бат-Үүл. Хотын дарга асан Э.Бат-үүл 2017 оны гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ намынхнаа цуглуулж байгаад мэдэгдэв. Э.Бат-үүл “…Би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай. Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм. Ер нь энэ улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй байна. Тиймээс АИХ гэх танхимыг бий болгох, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, энэ үзэл санаагаа нийгэмд хүргэж, дэмжлэг авах шаардлагатай байна гэсэн үндсэн дээр би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэж байгаа юм” гэв.

Д.Дорлигжав. Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдэв. Тэрээр “…Улс орны өнөөгийн нөхцөл байдал, төр барьж байгаа эрх баригчдын явуулж буй бодлого, эдийн засгийн эсрэг авч байгаа арга хэмжээ, түүнээс гарах үр дүн нь хангалтгүй санагдсан. Тиймээс сэтгэлийн дуудлагаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд үзье гэж шийдсэн” гэжээ.

Баабар. 2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд нийтлэлч Баабар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ нийтлэлээрээ дамжуулан мэдэгдлээ. Баабар “…Би та нараас булаагдсан итгэл найдвар, чиний амьдралаас булаагдсан баялгийг эргүүлж өгөхийн төлөө байна. Та нар дэмжвэл алдсан найдвар, булаагдсан баялгаа эргүүлэн авч чадна. Би  төрийг байх ёстой байранд нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна. Би  ард түмнийг байх ёстой өндөрлөгт тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна” гэсэн юм.

Х.Баттулга. УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулан Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэв. Тэрээр “…Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээсэй гэсэн хүлээлт ч байх шиг байна. Би нэрээ дэвшүүлэх саналаа одоогийн намынхаа удирдлагуудад албан ёсоор илэрхийлнэ. Намынхаа гишүүдээр шийдүүлнэ. Миний хувьд намын гишүүдийнхээ итгэлийг авахын төлөө явна” хэмээн ярьжээ.

Дарь.Сүхбаатар. 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд Ардчиллын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр “… Эх орондоо эзэн нь байх эрх зөвхөн хүү нь байж чадсан монгол хүнд л заяах ёстойг амьдрал тэмцлээрээ ухаарсан энэ цаг дор би Монгол төрийнхөө тэргүүн болох үнэн хүнд, хариуцлагатай, хатуу чанга албаны төлөөх сонгуульд тодорхой хүмүүс нэр дэвшүүлж буйг бодож тунгаан, эрхэм мэргэн өтгөс залуустай зөвлөсний дүнд хүлээн авч байна. Миний хөтөлбөр тодорхой. Зөвийг зан үйл, хэв ёсоор дээдэлж, бурууг их ёс ба хууль цаазаар шийтгэнэ. Улсаа бат босгож, хөршөө ямагт хүндэлнэ. Тэнгэр дээдсийн бүтээсэн төр ёс их түүхээс үргэлжид суралцаж, ертөнц байгалийн эрхшээсэн нүүдэлчин соёл иргэншил, хэл бичиг соёлоон үеийн үедээ сэргээн өвлүүлнэ” гэжээ.

Н.Энхбаяр. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /2017.5.1/ хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв. Тэрээр “…Ерөнхийлөгчийн сонгуульд хэрвээ би оролцох юм бол жинхэнэ өрсөлдөөн бий болно, илүү шударга болно. Ард түмэн үүнийг хүсч, ярьж байна” гэсэн байна.

Ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн долоон хүн байна. Харин албан ёсоор ингэж мэдэгдээгүй ч нэр дэвших бэлтгэлээ базааж буй МАН-аас М.Энхболд, Ө.Энхтүвшин. АН-аас Р.Амаржаргал, П.Цагаан, Г.Батхүү, Л.Болд,“Буян”-гийн Б.Жаргалсайхан нарын нэр дуулдаж байгаа билээ.

Эх сурвалж: www.news1.mn

 

 

 

SHARE