Т.Аваадорж: Жудаг, жаягаа мартсан уяачдаас татгалзъя

 

Монгол өв соёлыг  түгээн дэлгэрүүлэгч аймгийн заан  Т.Аваадоржтой ярилцлаа.

 

-Манай сонин “Бага насны хүүхдээр морь унуулахгүй байя. Мэргэжлийн унаач жоккейчидтой болъё” гэсэн сэдвийг хөндөж, асуудал  дэвшүүлж  байгаа юм. Та юу гэж үзэж байна?

-Монголчууд хийморь сүлдээ дандаа мориор зүйрлэж байдаг. Тиймээс монголчууд  агуу төрийн сүлдэндээ хүртэл оруулсан байдаг шүү дээ. Өнөө цагт хийморийн дарцаг өргөснийгөө сүлд хийморь гэж ойлгох болжээ. Монгол хүн морио унаснаар   хийморь нь бадарч байдаг. Харин цусыг нь сайжруулж байна гэж адуугаа  эрлийзжүүлснээр түвшин нь өндөр болж  хүүхэд унах  явдал их гарч  байгаа.  Энэ бол эрлийз адуу монгол хүний ген, байгаль, зан чанарт тохирохгүй болчихоод байгаагийн илрэл. Түүнээс монгол адуу  эзэндээ ээлтэй, хаана ч явсан явгалахгүй, амь сүнс  нэгтэй болчихдог шүү дээ. Эрлийз адуу уралдуулж байгаа нь  монгол өв уламжлал,  баяр наадмынхаа үндэсний гэх зүйлүүдийг зөрчөөд наадмаа наадам биш болгоод байна. Монгол наадмаа хийж, монгол адуугаа уралдуулахад болоод л байсан шүү дээ.

-Наадмаа наадам биш болгоод байна гэлээ. Хэн үүнд буруутай юм бэ?

-Монгол өв соёлоо хэн унагаад байна гэвэл уяачид өөрсдөө. Тэд ийм зүйл хийгээд байна. Өнөөдөр наадам боллоо гэхэд тэд монгол адуугаараа уралдъя гээд нэг удаа тэвчээд, ёс жудгаа хүндлэх юм бол хэн ч эрлийз адуу уралдуулж, эрлийз наадам хийхгүй л байхгүй юу. Гэтэл наанаа ярьж дүр эсгээд, цаагуураа эрлийз морьдоо уралдуулаад, үгсэн хуйвалдаад байна. Гэхдээ энд бидний яриад байдаг цөвүүн цагийг өөрчлөх сайн зүйлүүдийн эхлэл ирж байгаа байх. Зул бөхөхдөө бадамлана гэгчээр үндэсний  бөхөд ч тэр, үндэсний морин уралдаанд ч тэр шалгарал явж байна гэж би боддог. Зөв тал руугаа өөрчлөгдөнө гэж найддаг.  Наадмаа зөв сайхан хийгээд, монгол адуугаа уралдуулж, уралдаанч хүүхдүүд  тэнд гийнгоо хадаахад  энд монгол хүн огшиж баярлаж байдаг, бид ингэж л наадаж ирсэн. Түүнээс эрсдэл хийж хүүхдээ морины нуруунаас унагаж амь насыг хохироох нь наадмын гол утга учир биш шүү дээ. Дээр нь монгол хүн амны бэлгээр гэж  монголчууд үг хэлээ бодолцож баймаар байна.

-Тухайлбал?

-Бид  “Унаач хүүхэд” гэх  буруу үг хэллэгийг хэрэглэмээргүй байгаа юм. Үгийн хүч, энерги  гэж байдаг. “Унаач, унаач” гээд байхаар унана шүү дээ. Уралдаанч хүүхэд гэж ярьж, бичиж хэвших нь зүйтэй. Бөх, морь хоёр хийморь сүлдээр нааддаг. Аль хийморьтой, даалттай нь ард үлддэг гэж ярьдаг даа. Энгийнээр хэлэхэд сайныг дагаж саар гэгч  зүйл үүсч  гарч ирж хүчээр хийморь сүлдийг эрхшээж авах гээд байгаа учраас цаана байгаа монголчуудын  “тэнгэр хаяна”  гэж ярьдаг  тэр үйлдлүүд бий болж,  ил ертөнцөд буюу хүүхдэд хэцүү бэрхийг үзүүлээд байна гэж ойлгож  болох юм. Уяач хүний анхаарах ёстой зүйлүүд шүү дээ, энэ чинь. Бид ёсоо хүндэлж,  дэгээ баримталж наадмаа журамтай сайхан хийх учиртай.  Бөхчүүд ч гэсэн  барилдахаар  гарахдаа “Энэ өдрийн  түрүү бөхтэй битгий таараасай” гэж өөрийн бурхан шүтээд даатгадаг юм гэнэ лээ.  Яагаад гэвэл түрүүлэх  бөх нь өөрөө ч байж болно, өрөөл нэгэн байж болно.  Тэгэхээр нэгийн даваанд түүнтэй таарчихвал мянга сайн байгаад унаж таарна шүү дээ.

-Эрлийз адуугаа  монгол  адуу гэж  уралдуулаад, түүнийх нь нуруун дээр хүүхэд байтугай салхи ч тогтохгүй осол гарч байна гэж их ярьж байна?

-Наанаа монгол адуу гэж яриад цаагуураа  танил талаараа орж эрлийз адуугаа уралдуулаад байгаа шүү дээ. Морины комисс дээр хуйвалдаан, зөрчил их гарч байна гэдгийг бүгд л хэлдэг, ярьдаг. Уяачид өөрсдөө ч хэлдэг, “Монгол адуугаар уралдаад нэмэр алга” гээд эрлийз адуу тэжээж байдаг. Тэгэхээр энд бусдаас бурууг хайх бус уяачид өөрөөсөө бурууг хайх хэрэгтэй. Бусармаг зүйлүүдээ болих хэрэгтэй. Тэжээгээд, тэжээлийг нь бэлдээд байгаа эрлийз адуугаа орхичихвол дэг ёсондоо орно. Монгол адуу өөрийн дархлаагаар өвөл, хавар, зун, намар дөрвөн улирлыг даваад туулаад ирсэн, тэр л жамаараа уралдаад явна шүү дээ.

-“Допингтой бөх” гээд ярьдаг, хариуцлага тооцдог. Гадаадаас үнэтэй тэжээл авчирч тэжээдэг, эм тариа хэрэглэсэн эрлийз морь гэдэг бас л “допингтой”  бараг л “хагас галзуу” амьтан биз дээ,  хүүхэд яаж амыг нь дийлж,   залж удирдаж уралдуулах билээ?

-Тэгж хэлдэг боловч ямар ч хүн ядарлаа гээд долоо хоногийн сүүлчээр  дусал тариа хийлгэж, эм тан хэрэглээд л байдаг. Тэгэхээр  “допинг” гээд хэт нэг талыг барьж “галзуу, араатан” гэхчлэн  туйлширч ярьж  болохгүй байх. Урьд цагт монгол морь 40 км\цагийн хурдтай давхидаг байсан бол одоо өөрийнх нь хүчээр бус хэрэглэж байгаа зүйлийнх нь хүчээр зүрхнийх нь ачааллыг ихэсгэж 55 км\ цагийн хурдтай давхиулдаг болж. Өмнө нь хот, хөдөөгийн хооронд “Газ-69” автомашинаар өдөржин шөнөжин явдаг байсан бол өнөөдөр тэр замыг жийпээр хэдхэн цагт туулдаг болсон. Үүн шиг нийгэмд бүх зүйл хурдасч байна. Гэлээ ч монгол наадмаа хийж  монгол адуугаа уралдуулъя, өв соёлоо хадгалъя гэдэг асуудал зөв. Дээр хэлсэн шүү дээ “Адууныхаа цусыг нь сайжруулж байна гэж   эрлийзжүүлснээр түвшин нь өндөр болж  хүүхэд унах  явдал их гарч  байгаа.  Энэ бол эрлийз адуу монгол хүний ген, байгаль, зан чанарт тохирохгүй болчихоод байгаагийн илрэл” гэж. Дахиад хэлэхэд үүнд уяачид өөрсдөө буруутай.

-Бид хүүхэд хамгааллын асуудлыг дэвшүүлэн ярьж, бичиж  байгаа. Энэ талаар?

-Хүмүүс материаллаг зүйл рүү  их орчихоод  байна. Тэр нь гол болохоос тухайн хүүхдийн эрүүл мэнд,  аюулгүй байдлыг орхигдуулаад байгаа тал их ажиглагддаг. Монгол хүүхэд багаасаа морь унаж сурдаг. Тэгээд морьтойгоо дасан зохицож,  амь сүнс нэгтэй болтол ижил дасал болдог байсан. Гэтэл өнөөдөр тийм биш болсон. Эм тариа, хүчтэй тэжээл  хэрэглэсэн эрлийз адуу “хийрхэл” сууж, өөрийн хүчээс хэд дахин хүчтэй болчихоор хүүхдийн  морио жолоодох аргачлал байхгүй болно, тэгэхээр мориныхоо нуруун дээр яаж тогтох билээ. Олон жил морь унаж байгаа хүүхдүүд ч бас байна. Тэдэнд морь унасаар байгаад дадал зуршил суусан байдаг. Зарим уяач мориныхоо хурдыг нэмж хүчтэй болгочихоод өнөөхийнхөө нуруун дээр хүний нялх хүүхдийг хүлж баглах нь холгүй тавиад явуулчихаж байна. Тэр морь барианд орох нь л чухал болохоос тэр хүүхэд зургаан настайдаа анх морь  унаж уралдаж байна уу, дадал туршлага байна уу гэдгийг  бараг л хардаггүй тал ч анзаарагддаг. Магадгүй тэр нь морио хурдан, хүчтэйг олон түмэнд гайхуулж, цаагуураа үнэ хүргэж зарах гэсэн шунал хүсэл,  ил далд сурталчилгаа  нь явж байдаг  байгаа байх л даа. Тэгээд хэл ам гарахаар “Энэ хүүхдийг би хэчнээн зуун мянгаар цалинжуулдаг, ар гэрт нь ийм тийм хэмжээний юм өгдөг”  гэж ярьдаг. 500 мянган төгрөг өгчихсөн бол түүнийх нь оронд өнөө хүүхэд очиж морь унах, ажлаа хийх ёстой болж байдаг. Энд зөрчил их бий. Урьд цагт хүмүүс “Морь маань дүүрэн сайхан давхиад ирлээ. Хүүхэд, морины эндэгдэлгүй сайхан наадлаа” гэлцдэг байсан. Одоо буруу зүйл их байгаа учраас хүүхэд яах ийх нь сонин биш болж, маш муухай зуршил тогтох гээд байна. Осолдохгүй эхний тавд оруулж, нэр алдраа гаргахын төлөө “нүд улаан мөнгө цагаан”  гэдэг шиг гаж зүйлүүд их болж дээ. Гол нь уяачид өөрсдөө анхаарч энэ гажуудлаа засах ёстой юм шүү дээ. Өөрсдөө тэгж хүсэхгүй байгаад гол асуудал байна.

-Мэргэжлийн морь унаач, уучлаарай  уралдаанчтай болохын тулд яах вэ?

-Би өөрийнхөө л бодлыг хэлье. Монгол өв соёл эргэж түгэж эхэлж байгаа. Сайн сайхан руу өөрчлөгдөж байгаа учраас өнөөдрийн болох, болохгүй зүйл ил гарч олон түмнээр яригдаж шүүгдэж, цэгцлэгдэж  байгаа гэж боддог. Дэг жаяг, жудаг алдагдсан зүйлүүд цэгцэнд орно. Шалгуур явагдаж, үнэн нь  батлагдаж  гарч ирж  байж журам  тогтоно.

Бидний өв соёл, үндэсний  дархлаа, хардаг, бахархдаг олон зүйл устаж, гажуудаж байгаа, түүнийгээ сэргээж Монгол монголоороо байх тухайд бид бодлогоор хандах ёстой. Түүнээс биш тэртэй  тэргүй  дэлхий хөгжүүлсэн зүйлийг бид энд  авчирч  хөгжүүлэх гээд яах юм бэ. Эрлийз адуугаар наадам хийнэ гэж юу байх вэ. Монгол морины үнэ цэн алдагдана шүү дээ. Эрлийз адуу шүтсэнээр монгол адуу маань сүүлдээ “Малины адуу” гэгч болж байна. Монгол өв соёлыг авч явж ирсэн малчид цаашид яах ёстой вэ. Тиймээс уяач нь ч, уралдаанч хүүхэд нь ч эрлийз адуунаас  татгалзах ёстой юм. Эрлийз адууг  унахгүй гэхэд тэр уяач яах юм бэ, тийм биз дээ. Уяач нар өөрсдөө унаж уралдах уу. Үүн дээрээ л тэмцэх хэрэгтэй. Монгол өв соёл, монгол гэж ярьсан атал цаанаа нэр алдраа гаргах, өнгө мөнгө харсан зүйл рүү хүүхдийг золиос болгодог явдлыг таслан зогсоох ёстой. Уяачдын шуналын цээрлэлийг хүүхэд амсах ёсгүй. Морь  бол “машин шиг хурдан байх ёстой”  гэсэн цаад эзэн, уяачийн номоор л давхиж байгаа нь тэр шүү дээ. Монгол өв соёл дотор маань монгол адууны давхил ийм байна, хүүхэд унахад тийм байна гээд бүгд байгаа. 40 км\цагийн хурдтай давхихад хүүхэд унаж  уралдаад ирсэн байна шүү дээ. Одоогийнх шиг осол “борооны дараах мөөг”  гэдэг шиг болчихоогүй байсан үе бий шүү. Эм, тариа хэрэглэсэн эрлийз адуугаар уралдахыг цэглэх хэрэгтэй. Үндэсний морин уралдааны тухайд морь  будлиулсан уралдаанч хийгээд  уяачид ямар шийтгэл ногдуулах тухай  төрт ёсны өвөг  хууль  “Халх журам” -д  маш дэлгэрэнгүй байдаг.  Үүнийг хаа хаанаа уншиж судалж, баримтлах ёстой байгаа юм. Энэ хуулийг монголчууд эрт цагаас “Уралдааны цааз” ч гэж ярьдаг байсан юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ч.ҮЛ-ОЛДОХ

SHARE