С.Дэлгэрмаа: Бэлхэд байгаа язгууртны булшийг ил үзмэр болгоно

Н.ЛХАГВАБАЯР

НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааг хийж байна.   Энэ талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаатай ярилцлаа.

 

-Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа хэзээнээс эхэлсэн бэ.  Судалгааны ажил ямар шатандаа яваа вэ?

-Нийслэлийн түүх соёлын, үл хөдлөх дурсгалуудаа сэргээн засварлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулах талаар дунд хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.  Улаанбаатарыг тойроод таван археологийн чулуун соёлын өв бий.  Эхний удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туулын Хар түнэ ордны археологийн судалгааг хэрэгжүүлж байна. Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны судалгааны ажил одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс дээдсийн булш, оршуулга бүхий Бэлхийн амны дурсгал нь Нийслэл хотын нутаг дэвсгэрт орших бөгөөд Монгол ба бүс нутгийн хүннүгийн археологийн судалгаанд томоохон байр суурийг эзэлдэг. Монголын төдийгүй дэлхийн археологийн хосгүй нандин өв болох энэхүү дурсгалыг 1998 онд Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн байдаг. Евразийн бүс нутагт бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын 13 цогцолбороос есөн дурсгал Монгол Улсын нутагт илэрч мэдэгдсэн нь Хүннү гүрний төв Монгол Улсын нутаг дэвсгэр байдаг. Эдгээр есөн цогцолбороос нэг дурсгал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт илэрсэн нь Бэлхийн амны хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал.

-Уг дурсгалт газрыг соёлын өв, аялал жуулчлалтай хэрхэн холбож ажиллах вэ?

-Бэлхийн аманд язгууртны зургаан булш, дагуул дөрвөн булш байгаагаас энэ жил язгууртны нэг булшийг малтлага, судалгаанд оруулсан. Бүрэн судалж дуусахад олон жилийн хугацаа шаардлагатай. Бид олон улсын жишгээр тус археологийн дурсгалыг судалж, аялал жуулчлалтай холбох илүү сонирхолтой байдлыг олж харсан. Уг дурсгалт газрыг соёлын өв, аялал жуулчлал бүтээгдэхүүн болгох үүднээс малтлага, судалгаа огт хийгдээгүй, хамгийн том хэмжээтэй нэг булшийг цаашид ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа. Тухайн дурсгалын хамгаалалтын бүс дотор аялал жуулчлалын мэдээллийн төвийг байгуулж, хүмүүсийн ая тухыг хангасан үзвэр үйлчилгээг бий болгоно. Энэхүү мэдээллийн төвийн зураг төслийн ажил энэ жил эхэлсэн. Мэдээллийн төвийг барьж байгуулахад шаардагдах төсвийг төсөвт суулгах ажил амжилттай болбол аялал жуулчлалын мэдээллийн төвийн ажил 2-3 жилийн хугацаанд гүйцэтгэгдэж дуусна. Цар тахлын улмаас аялал жуулчлал идэвхгүй, хөл хорио, эдийн засгийн байдлаас шалтгаалан үйл ажиллагаа удааширсан. Мөн судалгааны ажлаас олдсон олдворуудаар Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны ойн өдрөөр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Нийслэлийн бүсэд Хүннүгийн язгууртны булш байгаа нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой юм. Орон нутагт, хөдөө хээр байгаа дурсгалуудыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход эдийн засаг, орон зайн хувьд асуудалтай. Бид Бэлхийн амны дурсгалын бүтэц зохион байгуулалтыг тодорхойлж, олдвор эд өлгийн зүйлс, палеоанропологи, палеозоологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан он цагийн хамаарлыг тогтоон олон чухал үр дүнг бий болгож, цаашид хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөж байна.

-Уг судалгааг хэрэгжүүлж буй төслийн багийн талаар танилцуулаач?

-ШУА-ийн Археологийн хүрээлэн манайхтай гэрээ байгуулан ажиллаж байна. 1961 онд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдсан Монгол-Унгарын хамтарсан судалгааны баг Бэлхийн амны гурван дагуул булшинд судалгаа явуулж морины тоног хэрэгсэл, зэр зэвсэг, төмөр эдлэл, антропологийн хэрэглэгдэхүүнийг илрүүлэн анх удаа эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан байдаг.  Энэ удаагийн судалгааны ажлын хүрээнд Хүннүгийн язгууртны гуравдугаар булшийг сонгон, малтлага судалгааг гүйцэтгэхэд уг булш нь 16 метр голчтой чулуун дараастай, төв хэсэгтээ эрт үед тоногдсон болохыг гэрчлэх хоёр метр гүн тонуулчдын нүхний ул мөртэй байсан ба малтлагын явцад баруун урагш чиглэсэн дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метрийн гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлээд байна. Одоогоор булшны малтлага 5.1 метрийн гүнд үргэлжилж байна.

-Улаанбаатарт байгаа булш, археологийн олдворын судлагдсан байдлын талаар тодруулахгүй юу?

-Нийслэлд археологийн олдвор, булш, хиргисүүр маш их байдаг. Үүнээс судлагдсан, бүртгэлтэй 500 гаруй археологийн олдворууд байна. Судлагдаагүй археологийн олдвор олон байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд археологийн олдворууд газар зохион байгуулалттай холбоотойгоор барилга байгууламж барих, хашаа байшин барьснаар судлах боломжгүй болох, устах аюултай байна.   Нийслэлийн соёл, урлагийн газрын зүгээс түүх соёлын дурсгалуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, бүртгэлжүүлэх ажлыг хийсэн. Энэ ажлын хүрээнд ШУТИС-тай  хамтран Улаанбаатар хотын хүрээнд археологийн олдворууд, булш, түүхэн дурсгалуудыг судлан бүртгэлжүүлэн дундын мэдээллийн санд оруулсан. Түүх соёлын дурсгалыг таван жилд нэг удаа мэргэжлийн байгууллага тоолон, бүртгэлжүүлдэг. Энэхүү тооллогын хэмжээнд тоологдсон дурсгалуудыг улс, нийслэлийн бүртгэлийн санд бүртгэн Улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг гэх зэрэглэл тогтоодог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE