Б.ЭНХБАЯР:ШҮҮХ БОЛ ЧИГЛЭЛ, ДААЛГАВАР ӨГДӨГ ГАЗАР БИШ

 

Хууль зүйн Дэд сайд Б.Энхбаяртай уулзаж, цаг үеийн зарим асуудлыг хөндөн ярилцлаа.

-Багц хууль хэмээн нэрлээд байгаа таван хуулийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх гэж байна. Эдгээр хуулийг өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр баталсан байсныг 2017 оны долдугаар сарын 1 болгон хойшлуулж, дахин “засварлах” болсон шалтгаан юу вэ. Хуулиудад ямар “алдаа мадаг” байсныг хэрхэн залруулав?

-Олон шалтгаан бий. Үндсэнд нь гурав багцалж тайлбарлаж болох юм. Нэгд, Эрүүгийн болон Зөрчлийн хууль нь батлагдсан ч түүнийг хэрэгжүүлэх эрэг шураг нь болсон процессийн хуулиуд нь батлагдаж ёсчлогдоогүй байсан. “Хагас” хуулиар гэмт хэрэг, зөрчлийг шийддэггүй. Хоёрт, сургалт сурталчилгааны ажил хийгдээгүй, долоо хоногийн хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ял гээд шууд хэрэгжүүлэх бэлтгэл, хүн хүч, төсөв нь шийдэгдээгүй байсан. Гуравт, шуудхан хэлэхэд хууль зүйн техник ба агуулгын хувьд хэрэгжүүлэхэд нэн түвэгтэй, амьдралаас хол зүйлүүдийг засах шаардлага байсан. Тэгэхгүйгээр шууд хэрэгжээд явсан бол олон хүний амьдрал, хувь заяа шоронгийн хаалганы цаана орох тийм л нөхцөл байдалтай угтсан. Хугацаа богино учраас зовлон яриад байлгүй урагшаа хараад яаралтай ажиллах нь л чухал байлаа. Хичээлээ. Явж л байна. Энэ Хаврын чуулганаар багц хуулиуд бүтэн болно доо.

-Нэлээд зүйлийг засаж сайжруулсан гэлээ. Батлагдсан хуулиудад яг юу шинэчилсэн юм бэ? Хэрэгжих боломжтой хуулиудыг улс төрийн шалтгаанаар хойшлуулсан гэж АН-ынхан яриад байгаа шүү дээ?

-Би түрүүн хэллээ. Хэрэгжүүлээд явсан бол том асуудал гарах байсаан гэж. Олон жишээ хэлж болно л доо. Хууль, хууль дээр тухайлаад хэдхэн жишээ хэлье. Эрүүгийн хуулинд орон сууцанд зөвшөөрөлгүй гэрэл зураг авсан бол гэмт хэрэгт тооцохоор батлагдчихсан байсан. Бүгд ухаалаг гар утастай, зураг дардаг болсон өнөөдрийн нийгэмд хуугаараа шорон явах нь байна шүү дээ энэ чинь одоо. “Эрүүл мэндийн асуудал”-тай хүн гэмт хэрэг хийвэл гэмт хэрэгт тооцохгүй гээд батлагдчихсан байсан. Эмнэл зүйн ухаанд бол стресс хүртэл эрүүл мэндийн асуудалд ордог юм байна. Хэнбугай ч жаахан бухимдаад тэгээд хүн алчихлаа гээд ял шийтгэлгүй өнгөрөх том уут болчихсон байсан.

Татвар, нийгмийн даатгалаа хугацаанд нь төлөөгүй бол гэмт хэрэгт тооцох байсан. Гэтэл эдийн засгийн хүндрэл, бизнесийн эрсдэл, үнэ ханшийн өсөлт гээд ямар ч шалтгаанаар бизнест эрсдэл үүсч болдог. Үүнийг бид татвараа санаатай төлөхөөс зугтаж, худал тайлан мэдээ гаргаж, нууж байгаа гэмт үйлдлээс ялгахгүйгээр бүхэлд нь эрүүжүүлбэл энэ хувийн хэвшил, бизнес хэзээ ч өндийхгүй. Хуулийнхны нүдүүр болоод л дуусна. Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэж гэмт хэрэг байлаа гэхэд хохирлын хэр хэмжээ байхгүйгээр батлагдчихсан байсан. Ямар ч үнэтэй байсан нь хамаагүй нэг хүний үзэг, бал хугалаад, аяга таваг хагалаад л гэмт хэрэгтэн болчихдог байж таарахгүй шүү дээ. Гэх мэт нэг үг, үсгийн ард олон хүний гэмт хэрэгтэнд тооцогдох эсэх хувь заяа дэнслэгддэг олон зүйлийг Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр засч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл бол бүхэлдээ хүний эрх гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүх шатанд хангах талд зарчмын дэвшил болсон. Нэг талаас гэмт хэргийг илрүүлэх, нотлох гэсэн хуулийнхны “амбиц”, нөгөө талаас тэнд эрх ашиг нь хөндөгдсөн иргэний эрх, эрх чөлөө халз тулдаг суурь хууль. Олон зарчим ярьж болно. Томоос нь яривал, шүүхийн гэм бурууг тогтоох үндсэн шүүх хуралдаанаас хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад буцаах ойлголтыг халъя гэдэг төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Манайдаа шинэ зүйл л дээ. Олон улсад бол аль эрт нэвтэрсэн, тогтсон ойлголт. Товчхондоо нотлогдохгүй бол цагаатга гэдэг зарчмыг шүүх эрх мэдэлд баримталъя гэсэн үг. Болсон, болоогүй барьцгүй мэдээ баримтаар хүнийг шийтгэдгээ больё оо л гэж байгаа юм.

-Сүүлийн таван жилийн байдлаар шийдвэрлэсэн нийт хэргийн долоо орчим хувийг, өөрөөр хэлбэл, жилд дунджаар 500 орчим хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан гэжээ. Эндээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажил дулимагхан яваад байна гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлэх үндэслэл бий. Шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан шалтгааныг аваад үзэхэд 2011 онд гэхэд 70 гаруй хувь нь мөрдөн байцаалтыг бүрэн биш, дутуу хийсэн гэсэн үндэслэл байсан. Хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр тав орчим хувь нь буцдаг. Бусад нь хэргийг буруу нэгтгэсэн буюу тусгаарласан, прокурор өөрөө нэмэлт мөрдөн байцаалт хийлгэе гэсэн санал гаргасан шалтгаантай байсан. 2016 онд гэхэд шүүхэд шилжүүлсэн нийт хэргийн 10 хувь нь буцсан байх жишээтэй. Энэ их өндөр тоо л доо. Нэг талаас батлагдлаа, нотлогдлоо гээд шүүх дээр бариад очсон прокурор, мөрдөгч яаж ажилласан, юу боогоод шүүхэд аваачсан байж таарах вэ? Барьцгүй бүрхэг юмаар хүнийг ял шийтгэж огт болохгүй. Тийм боломж олгосон хууль хэрхэвч байх ёсгүй. Хэрэв хууль, хүний эрх зөрчсөн баримтаар хүнийг буруутгаж байгаа бол шүүх тийм явдлыг өөгшүүлэхгүйгээр хууль зөрчигдсөн нотлох баримтыг үнэлэхээс татгалзаж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх суурь зарчмыг баримтлахыг бид хуульдаа шигтгэсэн. “Гэмгүй нэг хүнийг ял шийтгэснээс гэмтэй 100 хүнийг тавьж явуулах нь хор багатай” гэсэн зарчим үйлчилдэг гэдгийг манай туршлагатай парламентын гишүүн Ц.Нямдорж сайд хэлдэг. Барин тавин юмаар хүнийг ял шийтгэж болохгүй тавьж явуул гэж саяхан бас зурагтаар ярьсан байсан. Үнэхээр тийм л дээ. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтээр 30 мянган хүнийг “өөрөөр нь” хэргийг нь хүлээлгэж, эрүүдэн шүүж таслаад л шууд хэлмэгдүүлчихсэн. Ийм хэлмэгдүүлэлтийг шударга шүүхийн системд дахиж байлгахгүй гэж, төр дарангуйллын машин болох ёсгүй гэж бид хууль, эрх зүйн тогтолцоогоо сайжруулсаар ирсэн. Энэ зарчмыг нутагшуулахад шүүхээс мөрдөн байцаалтад буцаадаг асуудал зөрчилддөг юм.

-Тэгээд нотлогдохгүй бол цагаатгаад байхаар чинь гэм буруутанд ял завших боломж олгочих юм биш үү?

-Хуулийн байгууллага хүнийг хэвлэлээр эхэлж цоллож байгаад нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байгаад тэрэндээ таалагдах гэж хүн ялладаг байж таарахгүй л дээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан төрийн удирдах албан хаагчидтай уулзахдаа “шударга ёсыг популизмаар тогтоохгүй шүү” гэж хэлсэн. С.Бямбацогт сайд ч энэ талаар хатуу зарчимтай байгаа. Энэ үг юуны урьд хууль сахиулагчдад хамаатай. Мэдээж гэмт хэргийг нотлох, гэмт хэргийн бодит байдлыг тогтооно гэдэг амаргүй процесс. Хүний эрхэд хамгийн их халдаж хийгддэг ажиллагаа. Хоёр хатуу зарчим үйлчлэх учиртай. Нэгд, гэмт хэргийн үнэн бодит байдлыг зөв тогтоож, хөдөлшгүй баримтаар нотлох ёстой. Хоёрт, тэрхүү нотлох үйл ажиллагаа эхнээсээ дуустал хуулийн дагуу явагдах ёстой. Энэ хоёр зарчим хоёулаа хангагдаж байж хүнд ял шийтгэл шүүхээс ногдуулах учиртай. Америкийн алдарт хөлбөмбөгчин Симпсоны хэрэг гэж дэлхийд зард гарч хууль шүүхийн системд нөлөөлсөн хэрэг бий. 1990-ээд оны эхээр болсон хэрэг л дээ. Эхнэрээ, нууц амрагтай нь буудаад алчихсан. Уг нь бол түүнийг хүн алсаныг хангалттай нотлох баримттай хэрэг. Харамсалтай нь нотлох баримтыг бүрдүүлэхдээ хууль зөрчиж бүрдүүлсэн. Дээд шүүх нь юу гэж үзсэн гэхээр хүний гэм бурууг нотлох хуулийнхны үйл ажиллагаа хэрхэвч хуулиас гадуур хийгдэх ёсгүй, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг гэм бурууг тогтооход үнэлэхгүй гэж шийдсэн. Угтаа бол алуурчныг шүүх нь тавиад явуулчихаж буй хэрэг боловч энэ кейсээр тэд юу хэлсэн гэхээр хууль сахиулах байгууллага, шүүх хэнбугайг ч шалгаж мөрдөхдөө хууль зөрчиж болохгүй, тэгэх л юм бол тэрийг чинь шүүх үнэлэхгүй, төр өөрөө хууль зөрчдөг, хүнийг эрхийг нь зөрчиж шалгадаг, эрүүдэн шүүдэг, түүгээрээ ялладаг байж таарахгүй гэдгийг хэлж өгсөн. Цаад утгаараа нэг алуурчнаар зольж шүүх эрх мэдлийнхээ шударга ёсны байдлыг хамгаалсан, хууль сахиулагчдаа гарцаагүй хуулийн дагуу ажиллахыг шахаж шаардсан жишиг болж түүхэнд үлдсэн хэрэг л дээ. Тэрхүү сонгодог зарчмыг бид хуульдаа бүрэн нутагшуулж чадалгүй өнөөг хүрлээ. Эрүүгийн процессын НҮБ-ын загвар хууль, АНУ, Герман, БНСУ, ОХУ, Хятад, Латви гээд дэлхийн дийлэнх улс орон эрх зүйн систем үл харгалзан өнөөдөр энэ жишгээр явж байна. Эдгээр улс шүүхээр гэм буруутай нь нотлогдохгүй бол цагаатгах л зарчим үйлчилдэг. Тэрнээс биш манайх шиг ямар нэгэн хэрэг хийх нь хийсэн юм шиг байна, тэгэхдээ нотлогдохгүй байна, нотлоод ир гэж даалгавар өгдөг шүүхтэй улс байхгүй л дээ. Хамгийн сүүлд Узбекстан хүртэл энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөн байцаалтанд шүүх буцаадгийг Эрүүгийн процессын хуулиасаа авч хаян мөрдөхөөр болж байна.

-АНУ-ын хөлбөмбөгчин Симпсоны хэргийн талаар та түрүүн хөндлөө. Уг хэргийн сайн үлгэрлэлийг чухам юу гэж харж байна вэ. Тэрхүү жишиг, үлгэрлэлийг манай хуульд суулгах боломж нь бий юү?

-Шинэ Засгийн газар яг дээрх зарчмыг нутагшуулахаар шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаадаг явдлыг халсан Эрүүгийн процессын хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Одоо хаврын чуулганаар хэлэлцэж батална.

Тэгэхдээ бид ялгамжтай зохицуулахыг эрмэлзсэн. Үндсэн хууль ёсоор шүүх нь яллах юм уу цагаатгах аль нэг талын байр суурийг урьдчилан барих ёсгүй байдаг. Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гээд Үндсэн хуульд биччихсэн. Гэтэл энэ зарчмыг шүүхээс мөрдөн байцаалтад буцаадаг хуулийн заалт будаа болгож байна. Нөгөө аль ч талд орох ёсгүй, эргэлзээ тээнэгэлзэл гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдэх ёстой шүүгч маань нотлогдохгүй байхад л заавал дахиж шалгаад нотлоод ир гээд яллагч талтайгаа нэг тал болчихсон мөрдөн байцаалтад буцаадаг гаж тогтолцоо бий болчихлоо. Уг нь нотлогдохгүй бол цагаатгах учиртай шүүх нь даалгавар өгөөд ийм ийм юмыг нь дахиад шалгаад над дээр аваад ир гээд сууж байж таарахгүй. Энэ ажил уг нь шүүхийн өмнөх шатанд бүрэн хийгдэж дууссан байх ёстой ажиллагаа. Прокурор, мөрдөгч хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохоор тангараг өргөсөн хүмүүс. Тэд хууль зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан бол шүүх засах ёстой юу гэвэл засах ёстой. Шинэ Эрүүгийн процессын хуулийн нэг цоо шинэ зүйл бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэдгийг бий болгож байгаа явдал. Өмгөөлөгчгүйгээр байцаасан, эрхийг нь зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг судлуулъя гээд байхад мөрдөгч хэрэгсээгүй, хэрэгт ач холбогдолтой гэрчийг байцааж өгөөч гээд хүсэлтийг нь хангаагүй гээд маш олон шалтгаанаар мөрдөн байцаах ажиллагаа дутуу дулимаг явагдаж болно. Энийг нь хянах, алдаа гарсан бол засах, шаардлагатай бол мөрдөн байцаалтад буцаах зохицуулалтыг шүүхийн энэ үе шатанд хийхээр шүүхийн тусгайлсан үе шатыг гаргаж өгсөн. Ийм боломж олгосоор байхад шүүхийн үндсэн хэлэлцүүлэг буюу гэм буруугийн асуудал ярьж байхад мөрдөн байцаалтад буцаана гэдэг үнэхээр зарчимгүй хэрэг болно. Шүүх хурлууд удаа дараалан сунжирна, хүн, цаг хохирно, мөрдөгч, прокуроруудын ажлын хариуцлага суларч болсон болоогүй дутуу юм боон юу ч гэсэн шүүхээс нэг чиглэл аваадхая гэдэг буруу практикийг өөгшүүлээд байна. Шүүх бол чиглэл, даалгавар өгдөг газар биш. Хэрэг маргааныг тасалдаг газар. Нотлогдсон бол ял шийтгэнэ. Нотлогдохгүй бол цагаатгана. Тийм л шударга шүүхтэй болъё хэдүүлээ.

SHARE