Снүп Догг: Теннис дээр ширээ нэмээд л ширээний теннис!

Токиогийн олимпын наадмыг монголчууд бид медаль хүлээн ширтэх зуур Peacock TV-ээр рэпэр Снүп Догг, комедиан Кевин Харт нар олимпыг арай өөр талаас нь харж, хөгжилтэй яриа өрнүүлж байгаа ажээ. Тэдний бэлтгэж буй Олимпын тойм нэвтрүүлгийн үзэгчид маш олон болсон гэнэ. Тэдний зарим тайлбараас хүргэе.

“Энэ чинь одоо морь гуай Crip-walk бүжиглээд байна уу даа? Хөөе, хараач гэм! Энэ мориндоо хүзүүвч ч зүүгээгүй байна шүү дээ. Энэ адгийн новшийн бичлэгийг алдалгүй хийх ёстой” хэмээн Снүп Догг өгүүлэхэд Кевин Хартын хөх инээд хүрчээ.

“Би хэзээ ч медаль зүүсэн морь хараагүй юм байна шүү. Уг нь энэ морь бүжиглээд байгаа биз дээ? Гэтэл шагналыг унаачид нь өгчих юм. Морийг зохих ёсоор хүндэлж, үнэлэхийг би шаардаж байна. Унаачтайгаа адил тэгш эрхтэй байх ёстой. Тэр унаач нь өөрөө бүжиглээгүй юм чинь медалийг моринд зүүж өг. Бусад морьддоо онгирог л дээ. Эсвэл морь бусдадаа онгирох эрхгүй гэж та нар бас хэлэх гээд байна уу?” хэмээн Кевин Харт “давс” нэмжээ.

Ингээд тэр хоёрын яриа үргэлжиллээ.

Снүп Догг: Олимпын юу нь надад таалагдаад байна гээч? Их амархан хөвөрч өөрчлөгдөөд байгаа нь.

Кевин Харт: Хмм, яг юуг нь хэлээд байна?

Снүп Догг: Жижигхэн өөрчлөөд л өөр спорт болчихно. Сагсанбөмбөг байна шүү дээ, 3х3 гээд тэс өөр спортын төрөл болчихно.

Кевин Харт: Тийм ээ, өөр шүү.

Снүп Догг: Волейбол байна шүү дээ, элсэн дээр тоглоод л элсний волейбол.

Кевин Харт: Өө, бурхан минь.

Снүп Догг: Теннис байлаа шүү дээ, ширээ нэмээд л ширээний теннис… хэмээн ярилцжээ.

Скэйтбоардын төрөлд оролцож буй 13 настай хүүхдүүд хөлөө хугалж буй талаар Снүп Догг бодлоо хэлэхдээ “Энэ насанд яс их хурдан төлжиж, эдгэдэг л дээ. Тэгэхээр хугалж болно. Хэдхэн долоо хоногийн дараа л босоод ирнэ. Тэгээд ч хөхнөөсөө гараагүй хүүхдүүд болохоор сүү төлжихөд их тустай гэж байгаа. Харин та нар намайг одоо энэ самбарыг хөлдөө углаад үсэр гэвэл би “Юү харах гээд улайраад байгаа юм, та нар? гэж хэлмээр байна” хэмээн өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE