Монгол компаниуд “Ногоон бонд” гаргах боломжтой боллоо

Хөрөнгийн зах зээлд оролцогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байсан Үнэт цаасны бүртгэлийн журмын шинэчилсэн найруулга болон Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журмыг Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар баталжээ.

Сүүлийн жилүүдэд олон нийтэд санал болгон үнэт цаас гаргасан компаниудын тоо эрчимтэй өсөж, хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах сонирхол нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг хөнгөвчлөх, хялбар шуурхай болгох шаардлага үүссэн. Тэгвэл дээрх хоёр журам батлагдсан нь эдгээр асуудлыг шийдвэрлэх юм байна. Энэ дундаас онцлох мэдээллийг дуулгахад олон улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж буй ногоон санхүүжилт, ногоон хөрөнгийн зах зээлийг бий болгох чиглэлээр дотоодын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын “Ногоон таксономи”, олон улсын холбогдох стандарт, ангилал, шалгуурт нийцсэн төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлэх зорилгоор хөрөнгийн зах зээл дээр “Ногоон бонд” гаргах боломжтой болж байгаа юм байна.

 

НОГООН БОНД ГЭЖ ЮУ ВЭ

 

Ногоон гэж нэрлэгддэг бондууд сүүлийн жилүүдэд илүү их нэр хүндтэй болж байгаа бөгөөд дэлхий нийтээр 128.3 их наяд ам.долларын бондын зах зээлийн багагүй хувийг эзэлж байгаа юм. Үнэт цаас гаргагч нь ногоон бонд зарахдаа борлуулалтын орлогыг байгаль орчинд ээлтэй төслүүдэд зориулах үүрэг хүлээдэг. Үүнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, цэвэр ус, тээвэрт хөрөнгө оруулах зэрэг орно. Ногоон бонд нь тогтвортой бондын төрөлд багтдаг бөгөөд тогтмол орлоготой хэрэгслүүд багтдаг байна. “Apple”, “PepsiCo” зэрэг томоохон компаниуд энэ салбарт тэргүүлж байгаа бөгөөд дэлхийн цөөн хэдэн том банк, засгийн газрууд Хятад, Орос, Европын Холбоо зэрэг нь энэ төрлийн тогтвортой бондыг гаргаж байна. “Moody’s” агентлагийн судалгаагаар ногоон бондын зах зээл 2021 онд 650 тэрбум ам.долларт хүрнэ гэжээ. Энэ нь 2020 оныхоос 32 хувиар өссөн үзүүлэлт болох юм байна.  Ногоон бонд гаргалтаараа дэлхийд тэргүүлэгч орон бол Хятад улс. Хятадын компаниуд 2020 онд 119 ногоон бонд гаргасан нь өмнөх жилээсээ 34-өөр их байгаа юм. Дэлхийн нийтийн шинэ ногоон бондын тавны нэг нь тус улсад ногдож байна гэсэн үг. 2015 онд Хятадын Ардын банк  ногоон бондод ямар төслүүд тохирохыг тодорхойлсон банк хоорондын зах зээлийн анхны удирдамжийг гаргасан бөгөөд корпорацийн бонд гаргах үүрэг бүхий зохицуулагч Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо нь үүнтэй ижил төстэй тодорхойлолтыг жилийн дараа гаргасан байна. Хятадын ногоон бонд гаргагч компаниуд татан төвлөрүүлсэн хөрөнгөө ногоон хотжилт, эрчим хүч хэмнэх, тээвэрлэх, эрчим хүчийг цэвэр, үр ашигтай ашиглах, шинэ эрчим хүч ,усан цахилгаан, салхи, цөмийн, нарны, био энерги, газрын гүний, далайн ба агаарын эрчим хүч, экологийн хөдөө аж ахуй зэрэг чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлдэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ТӨГС

SHARE