ХХБ-наас 2 сая доллар залилсан хэрэг ингэж өрнөжээ

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан хэрэг олны анхаарлыг татаад байна. Арилжааны том банк ийм их хэмжээний валют алдсан нь юу болчихов гэж олон нийт гайхацгааж байна. Хэрэгт холбогдуулж цагдаагийн байгууллагаас 4 хүнийг эрэн сурвалжилж 3-ыг нь барьсан бол нэгийг нь үргэлжлүүлэн эрж байна. Сэжигтнүүд эдгээр дөрвөөр тогтохгүй 10 гаруй хүн байгаа гэх.

Хамгийн гол нь тэд арилжааны том банкийг хэрхэн залилав. Тэгвэл үйл явц ингэж өрнөжээ.

Гэмт хэрэгтнүүд эхлээд банкны нууц мэдээллийг олж авдаг. Ингэхдээ банканд байршуулаад авалгүй олон жил болж байгаа, ямар нэгэн гүйлгээ хийгдэхгүй мөнгө нь хадгалагдаж байгаа компаниудыг судалдаг. Эзэд нь ямар хүмүүс байдаг, тэр тусмаа гадаад хөрөнгө оруулаллтай, эзэд нь Монголд байхгүй компаниудын талаар материал цуглуулдаг гэнэ. Дээрх мэдээллүүдийг авахдаа банкны эрх мэдэл бүхий албан тушаалтай хүмүүстэй холбогдож, өөрсдийнхөө бүлэглэлд элсүүлдэг.

Мэдээллийг тодорхой үнээр худалдан авдаг байх магадлал ч өндөр байгаа гэнэ.“Эрдэнэ лайт” гэх компанийн дансанд 2 сая ам.доллар хадгалаатай олон жил болсон. Компанийн эзэн нь нас барсан зэрийг гэмт хэрэгтнүүд өөрсдийнхөө шугамаар мэдэж авсан бололтой. Үүний дараа компанийн бичиг баримт, гарын үсэг, тамга, тэмдэг зэргийг судалсан байж болзошгүй байгаа аж. Ингээд хуурамчаар тамга тэмдэг хийж, албан бичиг хүртэл үйлдсэн бололтой. Үүний дараа банкныхантай үгсэн тохиролцсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэд банкнаас мөнгө авахад ямар бичиг баримт бүрдүүлдэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч болохын тулд юугаар баталгаажуулалт хийгдсэн байх ёстой вэ зэрэг нарийн мэдээлэлтэй байжээ.

Өөрөөр хэлбэл, бичиг баримтын хувьд ямар ч асуудалгүйгээр зохицуулах ёстой гэдгийг тэд сайн мэдэж байсан гэсэн үг. Ингээд хүсэлтээ өгч, банкнаас гүйлгээгээ бэлнээр гаргуулж авчээ.

Эх сурвалж: aguulga.mn 

SHARE