Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг задарвал юу болох вэ?

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 3 шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задлах эсэх шүүх хурал яг одоо Улсын дээд шүүхэд үргэлжилж байна. Т.Чимгээ нар шүүгчдээс татгалзсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авахаас татгалзан хурлыг үргэлжлүүлжээ.

Хэргийг тодруулбал, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэрэг үүсч, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнд гурван шатны шүүхээс мөн ял оноосон. Үүнээс үүдэлтэй 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдээд байгаа юм. Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байгаа юм.

Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгах ёстой гэж үзвэл 20 жилийн ял оноосон гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж хуульчид үзэж байна. Ингээд хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг дахин тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана. Эсвэл прокурорт буцаана. Дээд шүүхийн нийт шүүгчид эл асуудлыг олонхийн саналаар шийдэх юм.

Шүүх бүрэлдэхүүн Т.Чимгээ нарыг буруугүй гэж үзвэл цагаадаж суллагдана. Буруутай гэж үзвэл ялаа үргэлжлүүлэн эдлэх юм.

Эх сурвалж: aguulga.mn 

SHARE