Намгүй болсон Ц.Анандбазар хэдийг болтол гүлдийх вэ?

Улс даяар ёс бус үг үйлдэл нь ил тодорхой болчихоод байхад гүтгэж байна гэж гүлдийгээд суугаад байгаа Ц.Анандбазарыг өчигдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргасан.

Уг шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байна. Түүнийг бусдад бэлгийн болон сэтгэл санааны дарамт удаа дараа учруулсан хэмээх иргэний гомдол мэдээллийн дагуу Ц.Анандбазарыг хуулийн байгууллага шалгаж буй. Мөн түүний талаар намын дарга У.Хүрэлсүх “Би Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд хуулийн байгууллагад шалгуул гэж хэлсэн. Хэрэв тэр хүн гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирнэ. Тиймээс намын даргын хувьд энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа” гэсэн билээ. Ямартаа ч хариуцлагын, шалгалтын ажлууд явах ёстой журмаараа үргэлжилж байна.

Энд ганц л хүн эсэргүүцэж байгаа нь Ц.Анандбазар. Тэрээр саяхан нэгэн телевизийн ярилцлагад орохдоо өөрийгөө гэм буруугүй, гүтгэлэг гэж мэдэгдсэн. Гэвч бүх баримт нотолгоо түүний эсрэг байна. Нам нь ч түүнд хариуцлага тооцлоо. Цаашлаад УИХ-ын гишүүнээс нь ч  түдгэлзүүлэх ажиллагаа явагдахыг үгүйсгэхгүй. Харин Ц.Анандбазар хэдийг хүртэл гүлдийх бол?

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE