Тэгшийн хонхроос эгшиглэж дэлхийн сонорт хүрсэн “Уяхан замбуу тивийн наран”

“Уяхан замбуу тивийн наран” уртын дууг Н.Норовбанзад гуайд зааж өгсөн Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат  соёлын гавьяат зүтгэлтэн уртын дуучин Г.Дадьсүрэн.

 

“Зууны мэдээ” сонин “Өв соёл:Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох уртын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаад “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны талаар уншигчдадаа толилуулж байна.

“Уяхан замбуу тивийн наран” дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Энэхүү уянгалаг дууг сонсоход энэ дэлхийн наран дор амьдарч буй бүхний амь халуун сэтгэл мэдрэгдэх шиг санагдана. Сэтгэл нялхарч нулимс бөмбөрч сонсоно. Гайхамшигт энэ л дууг Зууны манлай уртын дуучин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуай дуулж дэлхийн сонорт хүргэсэн түүхэн гавьяатай. Энэ дууг хамгийн анх хэн гэдэг хүн   Н.Норовбанзад гуайд зааж бидний сонорыг мялаах болсон нь тун чиг сонирхолтой .

Агуу их дуучинд анхлан заасан багш нь хөдөөний шавилхан хүү байжээ. Тэр хүн бол Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат СГЗ, уртын дуучин Г.Дадьсүрэн гуай юм. Тэрбээр их дуучинд “Уяхан замбуу тивийн наран”-г заасан талаараа ингэж хүүрнэв.

”Манай нутаг бол хуучнаар Боржигон цэцэн вангийн хошуу, Дайчин бэйсийн хошуу хоёрын зааг. Тэгшийн хонхорт хэмээх газар нутагладаг. Энэ газар нь манай сумын дөрөвдүгээр багийн нутаг бөгөөд газар нутгийн хэмжээний хувьд хааш хаашаа 10 км. Тэр багахан газар уртын дууны Баянбараат хэмээх бүхэл бүтэн аялга, дэг жаяг байдаг. Манай нутгийн найр айхтар хатуу дэгтэй. Найран дээр уртын дууг дутуу, буруу дуулбал айргаар шахуулдаг. Баянбараат дууны онцлог нь аялгуу урт, үг нь тод байдаг. Би бол малчин хүн. Тиймээс уртын дууг найран дээрээс сурч малын бэлчээрт дуулж өслөө. Харин “Уяхан замбуу тивийн наран” дууг хүүхэд ахуйдаа нутгийнхаа Ваанчиг тойн хэмээх язгууртан ламаас сурч байсан. Тойн лам гэдэг нь тайж угсаатай хүн лам болохоор тойн болдог учиртай л даа. Ваанчиг тойн энэ дууг олны газар найран дээр дуулдаггүй,  хээр малын бэлчээрт дуулдаг байлаа. Учир нь уг дуунд шашны агуулгатай ванчин далай ламдаа бараа болъё гэх зэрэг үг орсон аж. Ваанчиг тойн гуайн хоёр ч лам ах нь хэлмэгдүүлэлтийн үед баригдан хороолгосон учир тэр шүү дээ. Би бага хүүхэд түүнээс гуйж шалсаар байгаад сурсан юм. Надад зааж өгөхдөө малын бэлчээрт л дуулж байгаарай, өөр хүнд битгий зааж өгөөрэй гэж захьсан. Ваанчиг тойны заасан хувилбараар би одоо ч дуулдаг. Монгол бичгийн галигаар дуулагддаг юм л даа.

…Жаа

Уяхан замбуу тивийн наран

Илхэн бүх дэлхий даяханаа

Мөхдөлгүй мандан мандсагаар байхыг чинь

Мэдсэгээр л бишүү дээ

Та мину зээ

Жаа

Тэр лугаа адил

Олон түмний ерөөлөөр

Үнэн сэтгэлтэй бүхнийг

Ялгалгүй асарсаар байдаг билүү дээ

Та мину зээ

жаа

Үүлэн чөлөөний нар мэт

Өчүүхэн энэ явах насаа

Үнэн мөнхөд барьж

Үгүй л муухайгаар хуурдтаг биш үү дээ

Та мину зээ

Жаа

Идэр цовоо сэргэлэн насандаа

Эс сурсан эрдэм буяны үйлийг

Өтөлж харьсан хойно

Эргэж сурдаг маань

Маш бэрх бишүү дээ

Та мину зээ

Жаа

Баруун талын арвиныг

Бардамхан бороороо туулъя

Банчин далай ламд

Бараа болж цэнгэн жаргая

Та мину зээ…

гэж дуулж сурсан юм.

Зууны манлай уртын дуучин Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад.

Харин Н.Норовбанзад гуайд заасан маань их сонин л доо. Манай суманд намын эвлэлийн өдөрлөг болдог байлаа. Би намын эвлэлийн гишүүн байсан. 1960-аад онд гэсэн үг шүү дээ. Тухайн өдөрлөгт би оролцох гээд очсон байсан юм. Тэнд  Н.Норовбанзад гуай бас ирж таарсан юм. Тэр өдөрлөг дээр алчуур зангидаад хүмүүсийн өвөр рүү чулуудаж алчуур  өвөр дээр нь таарсан хүн босч авьяасаа үзүүлсэн юм. Тэгтэл тэр алчуур над дээр ирлээ. Би босоод “Ар хөвчийн унага” дууг дууллаа. Тэгтэл “Өдөр дууссаны дараа тэр хүү надтай уулзаарай” гэсний дагуу би орой нь Н.Норовбанзад гуайтай очиж уулзсан юм. Миний мэддэг бүх дууг дуулуулж, дуу бичдэг жижигхэн хайрцагт бичиж авсан. Дуулсан дуунууд дотроос маань “Уяхан замбуу тивийн наран”-г чинь авъя, эгчдээ хайрлачих гэхэд нь би учир байдлаа хэлтэл “Эгч нь хүн хэрэгт хийчихгүйгээ мэдэлгүй яах вэ, дүү минь. Энэ дуугаа л хайрла” гэсээр байгаад зөвшөөрүүлсэн.

Н.Норовбанзад гуай надаас 12 эгч хүн шүү дээ.Тэгээд хэд дахин дуулж өгөхөд дуу хураагуурт бичиж аваад, хоёр гурван айлын тамганы найранд очиж, хамт дуулсан. Авьяастай, сонсголтой хүн чинь тэр дорхноо сурдаг юм билээ.

Үүнээс хойш хоёр жилийн дараа дуу маань “Уяхан замба тивийн наран” гэдэг нэртэй болчихсон ая нь богинохон, үг нь орчин үеийн болчихсон радиогоор дуулж байсан. Үүнээс хойш NHK телевиз Н.Норовбанзад гуайн тухай нэвтрүүлэг хийхдээ намайг урьж оролцуулсан юм. Тус нэвтрүүлэгт орохдоо би “Энэ дууны ая нь богино болчихсон, үг нь арай өөр хэлэгдээд байна уу даа” гэж асуухад Н.Норовбанзад гуай  надад “Төрийн тоглолтод дуулах гэтэл улс төрийн товчооны хяналтаар орж, “Үг нь их бүдүүлэг, хуучны өнгө аястай байна зас, урт аялгууг нь богино болго” гэсэн үүрэг авсан. Түүний дагуу Ж.Дорждагва гуай өөрчилсөн юм” гэж хэлсэн юм.

Би энэ дууг дуулахдаа  хүн төрөлхтөний амьдрал хийгээд энэ ертөнцийг ухааарч ойлгохыг сургажээ гэж ойлгодог. Энэхүү гайхамшигт дууг би Тэгшийн хонхороосоо сурсан юм. Уртын дууг хээр талдаа шувууд жиргэсэн задгай салхинд хүлэг морины нуруун дээр дуулахад илүү тохиромжтой байдаг. “Уяхан замбуу тивийн наран” дууг нутаг нутагт өөр дуулдаг, үүх түүх ч өөр байдаг биз, энэ талаар би сайн мэдэхгүй юм” гэж байлаа.

Харин энэ дууны талаар ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн судлаачдын юу гэж дүгнэснийг үзвэл “Энэ дуу бол айзам уртын дуу. Учир нь шуранхайтай, цараа ихтэй, үг нь сургаалийн шинжтэй, шашны үндсэн номлол, хоосон чанарын тухай бадгууд нь сүүлд орж ирсэн байдаг. Нарыг бэлгэдэж дурьдсан дуу боловч залуудаа эрдэм ном сурах, олон хүн энэ яваа насыг үргэлж мөнх мэт сэтгэж, өнө мөнхөд чадалтай байх мэт хууртаж явдгийг сануулсан гайхалтай дуу юм. “Уяхан замбуу тивийн наран” нь бичгээр уламжлагдаж ирсэн 12 судруудад байдаггүй. Мөн монголчуудын 32 айзам дуун дотор ч байдаггүй. Харин говийнхон голдуу айзам уртын дуу голчлон дуулдаг байсан ба говь нутгаас нарыг их эрхэмлэдэг байсан нь тэндээс олдсон хадны сүг зураг зэрэгт илэрхий бий. Ер нь нар бол монголчуудын эртний шүтлэг юм” гэжээ.

Энэ дууны талаар СГЗ сэтгүүлч Ж.Саруулбуян “Нүүдэлчдийн өв соёл” сэтгүүлдээ  “Монголчууд эртнээс өдөр тутмын амьдралдаа нарыг дээдлэн нарнаас эрчим хүчээ авдаг байсан бөгөөд нар ургах зүгт гэрийнхээ үүдийг харуулж барьдаг юм. Үүнээс гадна өглөө болгон нарандаа цай, сүүнийхээ дээжийг өргөдөг заншилтай. Шинийн 1-нд ч нар гарахаас урьтаж уул овоондоо гардаг уламжлалтай байсан. Тийм учир “Уяхан замбуу тивийн наран” дуу нь ертөнцийн хүн амьтан ус, ургамал бүхнийг алагчилгүйгээр гийгүүлэгч наран урган мандахыг гайхамшгийг энгүүнээр илэрхийлжээ. Ж.Дорждагва, Ж.Бадраа нарын тэмдэглэсэнээр давхар шуранхайтай айзам уртын дуу бөгөөд уг дууг XIX-XX зуунд халхын их аварга М.Мөрренчин түүний дүү даншигийн заан М.Жунай, Төмөр, Н.Норовбанзад нар дуулж иржээ” ийн бичсэн байх аж.

Харин уг дууны өөр нэг хувилбар нь болох “Их замба тив” гэж бий бөгөөд түүнийг бөхийн засуул, уртын дуучин дэгээ хэмээх С.Гончиг болон С.Дамчаа нар дуулсан байх юм. Үүн дотор  С.Гончиг гуайн дуулсаныг судлаачид бичихдээ “Түүний дуулахыг сонсоход яг л агаарт хөвж яваа мэт сонин сайхан  сэтгэгдэл төрөх бөгөөд  энэ дуу нь дөрвөн дөрвөлжинтэй дуу юм” гэжээ.

Тэгшийн хонхороос эгшиглэж дэлхийн сонорт хүрсэн “Уяхан замбуу тивийн наран” дуу шиг уртын дуу маань улам их өргөжин тэлж, монгол хүний оюун санаа хөгжихийн хэрээр уянгат дуу минь улам хөгжиж, нарийн чанд болоосой. Дэлгэр тал сайхан нутагтаа тэгш дүүрэн уянгалж байх болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин А.ДОРЖХАНД

SHARE