Т.Золжаргал: Өмнөд Африктай танилцахыг хүсвэл хүний эрхийн тэмцэгчийн “нутаг”-аас аяллаа эхлээрэй

“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран цуврал ярилцлагуудыг хүргэдэг. Энэ удаа Өмнөд Африкийн Йоханнесбург хотод амьдарч байгаа, “Африк ба Монгол/Africa and Mongolia” цахим хуудасны админ Т.Золжаргалтай холбогдлоо.

 

-Йоханнесбург хотын байгаль цаг уур болон амьдралын хэв маягийн талаар ярилцлагаа эхэлье. Өмнөд Африкийн цаг агаар их сонирхол татаж байна?

-Өмнөд Африк  улс улирлын хувьд Монголоос эсрэгээрээ байдаг. Зургаагаас наймдугаар сар хүртэл өвлийн улирал үргэлжилнэ. Өвөл дунджаар +17 хэмийн дулаан, ихэвчлэн хурц нартай, хуурай байдаг.  Арванхоёрдугаар сараас хоёрдугаар сард зуны улирал үргэлжилнэ. Дунджаар +28 хэмийн дулаантай, бороо хур ихтэй байдаг. Харин одоо Өмнөд Африкт намар болж байна. Өдөрт дунджаар +21 хэмийн дулаантай. Бидний амьдарч байгаа Йоханнесбург хот нь алтны уурхай дээр үндэслэгдэж үүссэн түүхтэй. Одоогийн байдлаар албан бус мэдээллээр долоон сая орчим хүн амтай, санхүү, худалдаа төвлөрсөн, олон улс үндэстний соёл холилдсон, хамгийн том хот  нь юм. Маш тархмал зохион байгуулалттай учир заавал тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай. Өглөө оройд ажил цуглах, тарах үеэр замын ачаалал бага зэрэг нэмэгдэнэ. Албан байгууллагууд яг цагтаа тарна. Зарим дэлгүүр худалдаа, үйлчилгээний газрууд бусад байгууллагуудтай адил цагт тарж, амралтын өдрүүдэд ажилладаггүй эсвэл эрт хаадаг нь зарим тохиолдолд худалдаа хийх боломжгүй болгодог. Ер нь Азийн улс орнуудтай харьцуулахад маш эрт хөл татарч хот нам жим болдог. Энэ нь апартейд дэглэмийн үед буюу арьс өнгөний ялгаварлын үед ажлын цаг дууссанаас хойш нэг ч  өнгөт арьстан хотод үлдэх ёсгүй, бүгд хотоос гарсан байх ёстой гэсэн хуулиас үүдэлтэй болов уу гэж боддог.

-Африк хүмүүсийн нийтлэг төрх, зан чанарын онцлогийн талаар хуваалцвал?

-Африк тивд одоогийн байдлаар тусгаар тогтносон 54 улс оршин тогтнож байгаагаас Өмнөд Африк нь тивийн хамгийн урд хэсэгт орших эдийн засгийн байдлаар хамгийн хүчирхэг  улс юм. Энэ улс нийт 60 гаруй сая хүн амтай. Хүн амын 80 хувь хар арьст африкчууд, ес орчим хувь нь холимог буюу өнгөт арьстанууд, 2.6 хувь нь Энэтхэг болон Ази гаралтай африкчууд, найм орчим хувь нь цагаан арьст африкчууд байна гэсэн мэдээлэл бий. Зан чанарын тухайд нэлээн тайван хүмүүс шиг харагддаг. Сандарсан яарсан, уурласан хүн их ховор, бараг тааралдаж байгаагүй. Яриасаг, хошин шогийн мэдрэмж сайтай. Огт танихгүй ч богино хугацаанд эвийг нь олоод хөгжилтэй яриа өрнүүлэх нь элбэг. Тайван болоод ч тэрүү цагаасаа хоцрох, хэлсэндээ хүрэхгүй тохиолдол гарна. Түүндээ нэг их санаа зовохгүй, бусад нь ч бухимдсан шинжгүй. Африкчууд хамгийн багадаа хоёр хэлээр ярьдаг.

-Африкийн хамгийн сайн хөгжсөн салбар болон үйлчилгээ юу вэ?

-Өмнөд Африк улсын эдийн засгийн хамгийн том эх үүсвэр нь уул уурхайн салбар. Алмаз, платинум, алт, нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялаг ихтэй.  Мөн газар тариалан,  аялал жуулчлал, гадаад худалдааны чухал боомтууд байна. Үл хөдлөх хөрөнгийн тухайд бусад улс орны ижил хэмжээний, ойролцоо нөхцөлтэй үл хөдлөхтэй харьцуулвал хямд байдаг.

-Ингэхэд та яагаад Өмнөд Африкийг зорих болсон юм бэ?

-Миний нөхөр сүүлийн 16 жил энэ улсад сурч, ажиллаж амьдарч байгаа хүн. Бид 2019 оны зургадугаар сард гэрлээд нөхрөө дагаад нүүж ирсэн.  Нөхөр олон улсын худалдааны компанид гадаад худалдаа хариуцан ажилладаг. Өөрийн хувийн бизнес эрхлэх эсвэл олон улсад салбартай компаниудад  ажилладаг гадаад хүмүүс бий. Гэхдээ жил ирэх бүр гадаад ажилчдад ажиллах боломж, ажлын виз олгох нь амаргүй болж байгаа юм билээ. Харин Африкийн бусад орнуудаас хууль бус ажилчид ихээр ирж хар бор, хүнд ажлуудыг хөлс багатайгаар хийдэг.

-Йоханнесбург хотод таны таньдаг өөр хоёр монгол гэр бүл амьдардаг гэсэн. Та бүхэн уулзаж Монголынхоо уламжлалт баярыг тэмдэглэж байсан уу?

-“Африк ба Монгол/Africa and Mongolia” цахим хуудсаа 2020 оны гуравдугаар сард нээсэн. Өөрт шинэлэг сонирхолтой санагдсан зүйлсийг бусадтай хуваалцаж хамтдаа шинэ улс шинэ соёлтой танилцахыг хүссэн. Мөн энд байдаг өөр монгол хүмүүстэй холбогдох, Монгол Африкийн хооронд хамтран бизнес хийх хүн, байгууллагатай танилцаж холбогдъё гэсэн зорилгоор групп нээн ажиллуулж байгаа. Энэ группээр дамжуулж Йоханнесбург хотод амьдардаг хоёр гэр бүлтэй танилцсан. Нэг гэр бүлийн нөхөр нь Өмнөд Африк улс руу томилогдоод Швейцарь улсаас нүүж ирсэн нэг хүүхэдтэй залуу гэр бүл, нөгөө  нь мөн нөхөр нь олон улсын байгууллагын Өмнөд Африк   дахь салбарт ажилладаг  хоёр хүүхэдтэй гэр бүл. Бид уулзалдаж хамтдаа мах шарж, хоол хийж идэнгээ сайхан ярьж хөөрөлддөг. Өнгөрсөн цагаан сараар цуглаж золгож, цагаалга хийж, сайхан шинэлсэн.

-Африкт заан, арслан гэсэн амьтад ихтэй. Тэдгээр амьтдыг бодитоор нь харах боломж хэр их байдаг юм бол?

-Кругер үндэсний хүрээлэнгээр аялж Африкийн заан, арслан, анааш, хирс зэрэг амьтдыг зэрлэг байгаль дээр нь харж болно. Түүнчлэн төлбөртэй хууль ёсны дагуу ан агнах аялал ч байна. Дэд бүтэц сайтай тул аялал жуулчлал сайн хөгжсөн тухтай амарч зугаалах боломжтой. Миний анзаарснаар хүмүүс нь их гэр бүлсэг санагддаг.Амралтын өдрүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө их цуглаж мах шарж идэцгээдэг. Хот дотроо алхах, дугуй унах, хүүхэд, нохой салхилуулах боломжтой цэцэрлэгт хүрээлэн олон байдаг. Хотоос холгүйхэн янз бүрийн араатан амьтад үзэх хувийн амьтны хүрээлэнгүүд байна. Мөн нуур болон голын эргийн амралтын газруудад завиар аялах, агаарын бөмбөлгөөр хөөрөх, нисдэг тэрэг, онгоцоор нисэж ойр орчинтой танилцуулах үйлчилгээ байна. Далайн эрэгт амарч болно. Энэ бүх газарт бага насны хүүхэдтэй аялахад тохиромжтой амралтын байр, ариун цэврийн байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан байдаг тул ямар ч насны хүүхэдтэй явах боломжтой. Баярын урт амралтын өдрүүдэд хот бараг эзгүйрнэ. Бүгд  хол ойр аялалд явна.

-Аялал жуулчлал сайн хөгжсөн гэлээ. Ямар хотыг нь зорьж аялвал тохиромжтой вэ?

-Хэрэв Өмнөд Африк улстай танилцахыг хүсвэл хамгийн эхэнд Йоханнесбург хотод ирэх нь зүйтэй. Йоханнесбург бол Өмнөд Африкийн хамгийн том болоод хамгийн “баян” хот. Дэлхийн алдартай бүх брэнд үйл ажиллагаагаа явуулдаг. Ялангуяа тансаг зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүний үнэ бусад орнуудаас хямд байдаг тул эндээс бараа захих тохиолдол ч байдаг. Мөн алмаз болон бусад үнэт эдлэлийн сонголт хамгийн ихтэй. Түүхэн талаасаа гэвэл хүний эрхийн гол тэмцэгч Нелсон Манделагийн гэр музейг үзэхээс гадна хүний эрх, эрх чөлөөний төлөөх тэмцлийн түүхийг өгүүлэх бусад олон музей, түүхэн газруудад очиж болох юм. Олон улс үндэстний өөр өөр шашин, соёл хоорондоо ямар ч асуудалгүйгээр хэрхэн зохицон, нийцтэй оршин тогтнож байгааг харахын зэрэгцээ эдгээр улс үндэстнүүдийн хоолны соёлтой ч танилцаж боломжтой. Энэ хотод та амьдралын аль ч өнгийг олж харна. Цааш байгалийн үзэсгэлэн бүрдсэн Капе Таун хот, Африк тивийн ховор, сүрлэг араатан амьтдыг зэрлэг онгон байгаль дээр харахаар үндэсний хүрээлэнгүүд, эсвэл Атлантын далай, Энэтхэгийн далайн эрэгт наранд биеэ ээхээр бусад үзэсгэлэнт хот, суурин газрууд руу аяллаа үргэлжлүүлээрэй. Сонирхуулахад энд интернетийн хэрэглээ нээлттэй. Бүх вэб сайт, платформ ажилладаг. Интернетийн хурд сайн, 5G сүлжээ нэвтэрсэн. Гэхдээ Монголтой харьцуулахад IT чиглэлийн үйлчилгээ  нь үнэтэй санагдсан.

-Африкийг их аюултай хот гэж төсөөлдөг. Бидний төсөөлснөөс юугаараа өөр вэ?

-Африкийн улс орнуудыг аюултай гэж ярьдаг. Йоханнесбург хотын хувьд олон хүн амтай, баян ядуугийн ялгаа ихтэй, том хот учраас хулгай дээрмийн хэрэг гарна. Гэхдээ хэн, хэзээ, хэнтэй, хаагуур явж байгаагаас их хамаарна. Орон байрны хамгаалалт бараг хаана ч байхгүй өндөр байдаг байх. Хамгаалалтанд багагүй хөрөнгө зарцуулдаг шиг харагддаг.

-Танай хотод халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Улсын хэмжээнд энэ сарын сүүлийн байдлаар өдөрт дунджаар 1200 тохиолдол, хотын хэмжээнд 400 гаруй тохиолдол бүртгэгдэж байна.  Одоогийн байдлаар I түвшний буюу хөл хорионы хамгийн сул дэглэмтэй байгаа. Мутацид орсон шинэ төрлийн вирус тархсан тул Jonhson&Jonhson, Pfizer гэсэн хоёр төрлийн вакциныг хийж байгаа. Хувийн компаниудад вакцин хийх боломжийг олгосон учир вакцинжуулалт хурдтай үргэлжилж байна.

  • Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДОЛЖИНЖАВ
SHARE