Эрдэнэбатаас эмээхийн учир

 

С.Эрдэнэсанаа

Сүүлийн үед хэвлэлүүдээр гарсан МАН-ынхны “яриа”-тай холбоотой сэдэв олон нийтийн дунд халуунаараа л байна. Гэхдээ тэнд болсон яриаг аль нэг намын гишүүдийн хоорондын гэхээсээ Монгол Улсын төрийн эрх баригчид бие биедээ хандаж хэлсэн үгнүүд гэж ойлгох нь зөв гэж үзэж байгаа юм.

Учир нь уг “яриа”-ны гол эзэд нь Монгол Улсын Их хурлын дэд дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр байсан бололтой юм. Улмаар Их хурлын дэд дарга нь Ерөнхий сайдыг “…Аймгийн дарга бацаан” хэмээн уурссан гэнэ. Ингэтэл уурласны цаана нэр бүхий концессын гэрээнүүд байгаа гэх мэдээлэл хаврын түймэр шиг газар авав. Засгийн газар нууцаар долоон гэрээ хийчихсэн. МАК-д бүр хоёрын хоёр гэрээ өгчихжээ гээд л авч өгч байгаа. Энэ яахав, Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг буруу зөвийг нь хэлээд өгөх юм байна. МАК-тай холбоотой асуудлаар Н.Номтойбаяр сайд тайлбар хийж, “…Хоёр биш нэг гэрээ явж байгаа. Тэр нь одоогийн Засгийн газар биш 2013 оны Засгийн газрын шийдсэн асуудал” гэсэн байна.

Харин учир мэдэх хүмүүсийн яриагаар бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ингэж бай болоод байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэнэ.

Магадгүй, Ж.Эрдэнэбат сонгуулийн үеэр бол олны тооцоонд байгаагүй Ерөнхий сайд. Тэр утгаар нь Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нь М.Энхболдын халаасны хүн,хамаатан нь гэсэн мессэж тултал явсан даа. Ийм хаяг шошготой хэдэн сар явсан. Тэр үнэн.

Гэвч тэрээр Ерөнхий сайдын хувьд тун удалгүй зоригтой шийдлүүдийг хийж эхэлсэн юм. Өнгөрсөн оны сүүлчээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг сонгон шалгаруулалтаар гэрээлдэг болсон. Оны дараа, саяхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хамгийн томоос нь тоочиход энэ. “Эрдэнэс Тавантолгой”-д ингэж хаалт тавьснаар улстөрчдийн шахааны бичзнес зогссон. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ солигдоход бас л асуудал гарч ирнэ. Ганцхан утастаад шийддэг байсан шахаа энэ тэр бас л нам зогссон байж таарна.

Энэ мэтчилэнгээр том, жижиг олон асуудлыг өмөн байсных нь эсрэгээр шийдвэрлэж өөртөө дайсан хураасан хүн байгаа юм. Тэр дайсангууд нь мэдээж хэрэг хүний өөрийн намын, өнөөдрийн улс төрд өнгө тоосоо өргөж яваа хүмүүс юм. Тийм учраас л хэвлэлээр ч гөвөөд, хэл амаар ч доромжлоод байгаа хэрэг.

Яг үнэндээ ингээд зоригтойхон шийдэх нь л бидэнд, улсад хэрэгтэй байгаа юм. Нэг гэм нь Ерөнхий сайдын баг хийсэн ажлыг нь нийтэд PR-дахдаа тунчиг даруухан хандах юм.

Гэм хорынх нь байдлаар тооцвол “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тонн тутамдаа хэдэн доллараар нэмэгдчихдэг. Улсад орох ёстой мөнгө улстөрчдөөр дамжин ченжүүдийн халаасанд ордог байсан гашуун муухай дамжлагыг мэдэхгүй хүн ховор доо. “Эрдэнэт үйлдвэр” хүртэл хэдэн төгрөгийн юмыг хэдээр ч авдаг байсан юм. Ямар ч байсан асар том шахааны “агуулах” болоод байсан нь үнэн.

Дээрээс нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, Чалкогийн өрийг дарж авсан.
Энэ бол түүний Засгийн газрын хийсэн ажил. Мэдээж хэрэг, улс орон эдийн засаг, санхүүгийн хувьд тийм ч хүрэлцээтэй бус байна. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоогоос сарын өмнө төрийн албан удирдах ажилтнуудыг цуглуулж байгаад дорвитойхон хэлнэ лээ. Төсвийн сахилга батыг хангах тухай голчилсон томоохон үг хэлснийг өнөөдөр ч хүмүүс ярьж л байна.

Болоогүй ээ, дахиад олон зоримог шийдвэр түүнээс гарах учиртай. Ерөнхий сайд зоригтой шийд гаргаж, зарим томоохон реформыг хийх цаг нэгэнт болсон. Олон нийт ч үүнийг л хүлээж байна.

Энд нэг дэмий шахуу зүйлийг өгүүлэхэд, Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатыг бацаан гэжээ. 40 нас гараад хэдэн жил болж байгаа хүнийг бацаан гэвэл төрийн албан хаагчдын дийлэнхийг бүрдүүлж байгаа 40-өөс доош насныхныг юу гэх вэ. Тэднийг итгэлгүй, чадваргүй гэх үү. Үгүй юм. Нэг үг байдаг. Насны өндрөөр төрийн албыг хашдаггүй юм. Нэгэнт л тухайн өндөр албыг хашиж байгаа бол түүнд нь зохих хүндэтгэлийг үзүүлэх үүрэг хэнбугайд ч бий.

Хэрэвзээ нэг тааруухан этгээд Ерөнхий сайдаар томилогдсон бол өдийд Чалкогийн өр хэвээрээ, Монгол Улс Олон улсын арбитрын шүүхэд дуудагдчихсан байгаа.

Нөгөөтэйгүүр, энэ чинь Монголын төр шүү дээ. Төрийн жолоог хэнд атгуулахаа мэдэх хувь заяа Монголд минь бий. Ийм л юм.

Эх сурвалж: www.news1.mn

 

 

 

 

SHARE

89 сэтгэгдэлтэй