Английн 6 баг тоглохоос татгалзсанаар хөлбөмбөгийн СУПЕР ЛИГ нурлаа

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулсан, Европын шилдэг багуудын  Супер лиг байгуулах төлөвлөгөө нурж эхэллээ. Испанийн “Реал М”-ын ерөнхийлөгч Флорентина Ферез, Италын “Ювентус” багийн эзэн Андреа Агнелли, Английн “Ливерпүүл” багийн эзэн Жон В.Хенри, “Манчестэр Юнайтед” багийн хамтран эзэмшигч Жоэль Глэйзер,  “Арсенал” багийн эзэн Стэн Кронке  тэргүүтэй хүмүүс Супер лиг байгуулах санаачилгыг анх гаргасан.

Тэдгээр эрхмүүд Коронавирусийн цар тахлаас үүдэж нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд тоглосноор алдагдал хүлээж эхэлсэн өөрсдийн эзэмшлийн багуудаа санхүүгийн хямралаас гаргахын тулд АНУ-ын JP Morgan банкнаас зургаан тэрбум ам.долларын санхүүжүүлэлт авч 20 хүртэлх тооны шилдэг багийг оролцуулсан Супер лигийг байгуулж буй гэж зарласан. Улмаар Супер лигт Испанийн “Барселона”, “Реал М”, “Атлетико М”, “Севилья”, Английн “Ливерпүүл”, “Манчестэр Юнайтэд”, “Манчестэр Сити”, “Тоттенхэм”, “Челси”,  “Арсенал”, Италын “Ювентус”, “АС Милан”, “Интер” зэрэг баг тоглоно гэж мэдэгдсэн. Эдгээр клубүүдийн баян эзэд Супер лигт тоглох эсэхийг хөлбөмбөгийн клубын захиргааныхан, дасгалжуулагчид, тоглогчдын нэгээс нь ч огт асуулгүй “эзэн  нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийн үлгэрээр асуудлыг шийдсэн байдаг.

Харин ийнхүү бие дааж томорцгоосон нь эрх ашиг нь зөрчигдсөн Европын бусад баг, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарч, түүнчлэн Олон Улсын хөлбөмбөгийн холбоо, Европын Хөлбөмбөгийн холбооны “Супер лигт тоглосон багийн нэг ч хөлбөмбөгчинг ДАШТ болон Тивийн АШТ-д тоглох зөвшөөрөл олгохгүй” гэсэн хатуу хоригийн дарамтад оржээ.  Нөхцөл байдал санаснаас эсрэгээр эргэсэн учраас Английн зургаан клуб “Ливерпүүл”, “Манчестэр Юнайтэд”, “Манчестэр Сити”, “Челси”, “Арсенал”, “Тоттенхэм”-ийн эзэд, хувьцаа эзэмшигчид Супер лигээс гарч байгаагаа зарлалаа.

 

Эх сурвалж: aguulga.mn

SHARE