Ираны телевиз богино өмдтэй шүүгчээс болж шууд дамжуулалтаа 100 удаа түр таслав

Английн хөлбөмбөгийн АШТ – Премьер лигийн 31 дүгээр тойргийн “Тоттенхэм” – “Манчестэр Юнайтэд” багуудын тоглолт IV.11-ний ням гарагт Лондон хотноо болж 1:3-аар зочин багийн ялалтаар өндөрлөсөн. Түүнээс хойш уг тоглолттой холбоотой нэгэн шуугиан олон улсын цахим сүлжээний сэдэв болон олны анхаарлыг татаж байна.

Ираны төрийн мэдлийн Үндэсний төв телевиз 90 минутын уг тоглолтыг иргэддээ шууд дамжуулан үзүүлэхдээ 100 удаа тасалж түр завсарлуулсан нь шуугиан тарилаа. “Тоттенхэм” – “Манчестэр Юнайтэд” тоглолтод хажуугийн шүүгчээр ажилласан Крис Кавана хатагтайг нэвтрүүлгийн дуранд орж, дэлгэцээр харагдах болгонд төв телевиз шууд дамжуулалтаа зогсоож завсарлага авч байжээ. Сайх эмэгтэй шүүгчийг дэлгэцээр харагдахаа больмогц, тоглолтыг үзэгчдэдээ үргэлжлүүлэн толилуулсан байна. Крис Кавана нь хөлбөмбөгийн шүүгчийн дүрэмт хувцас богино өмдтэй байсан нь, Иранд эмэгтэйчүүдийг хөл, өвдгөө ил гаргахыг хатуу хориглодог, улмаар ийм төрхийг харахыг нийт ард иргэдэд үл зөвшөөрдөг  Лалын шашны дүрэм журамтай зөрчилдсөн нөхцөлийг үүсгэжээ.

Тус улсад ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “My Stealthy Freedom” хөдөлгөөнийхөн Үндэсний төв телевиз ингэж шууд нэвтрүүлгийн дүрс тасалдуулж “хайчилсанд” эсэргүүцлээ илэрхийлж уг асуудалд дэлхий нийтийг анхаарлаа хандуулахыг уриалж мэдэгдэл гаргасан байна. “Энэ бол бидний соёл биш. Энэ бол дарангуйлагч дэглэмийн үзэл баримтлал юм” гэж мэдэгдэлдээ онцолжээ.

 

SHARE