Арсенал Славиаг талбайд нь 4:0-ээр бут ниргэж “эргэн ирэлт” хийлээ

Европ тивийн хөлбөмбөгийн зүлэг ногоон дэвжээнд нэр хүндээрээ Аваргуудын лигийн дараа, харин оролцдог багийн тоогоороо нэгдүгээрт бичигддэг Евролигийн шөвгийн 4-т өрсөлдөх багийн нэр тодорлоо.

Английн “Манчестэр Юнайтэд”, “Арсенал”, Италын “Рома”,  Испанийн “Вильярреал” өнгөрсөн долоо, энэ долоо хоногийн баасан гаргийн өглөө болсон хасагдах 1/4 шатны эхний болон хариу хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагч болж хагас шигшээд шалгарав. Испанийн “Гранада”, Чехийн “Славиа”, Нидерландын “Аякс”, Хорватын “Динамо Зг” энэ жилийн тэмцээнээ өндөрлүүлж үзэгчдийн суудалд шилжлээ. Шөвгийн наймын тоглолтын дүн:

  • “Гранада” – “МЮ” хариу тоглолт 0:2 /эхний тоглолт 0:2/.
  • “Славиа” – “Арсенал” хариу тоглолт 0:4 /эхний тоглолт 1:1/.
  • “Рома” – “Аякс” хариу тоглолт 1:1 /эхний тоглолт 2:1/.
  • “Вильярреал” – “Динамо Зг” хариу тоглолт 2:1 /эхний тоглолт 1:0/.

Английн “Арсенал” айлын талбайд зочлон тоглохдоо, хөлбөмбөгийн тайлбарлагчдын томьёоллоор “эргэн ирэлт хийж” гайхамшгийг үзүүлэн дэлхий даярх өөрсдийн хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Тоглолтын нэгдүгээр үеийн 24 дэх минут гэхэд 3:0 болгон “эргэн ирэлтээ” аль хэдийнээ хийсэн. “Арсенал”-ын хамгийн үнэтэй тоглогч Пепе 18 дахь минутад торгуулийн талбай дотроос баруун цохиж, сүүлийн үед гоол олонтой яваа Лаказет 21 дэх минутад 11-ийн торгуулийн цохилтоор, шинэ залуу од Сака гоцлон тоглолтоор 24 дэх минутад Чехийн багийн хаалганд бөмбөг оруулсан. Лаказет 77 дахь минутад дахин нэг гоол хийж тооны харьцааг 4:0 болгосноор ялалтын төгсгөлийн цэгт  туг хатгалаа.

“Арсенал” баг улсынхаа АШТ – премьер лигт тун тааруу тоглож 31 тойргийн дараа 9-р байрт яваа. Тэмцээн өндөрлөх хүртэлх үлдсэн долоон тойрогт хангалттай сайн тоглосон ч байр урагшилж эхний 4-т шалгарах боломжгүй болсон. Английн премьер лиг, Испанийн Ла лиг, Италын Сери-А лигийн эхний дөрвөн байрын баг Аваргуудын лигийн эрх авдаг. Одоо “Арсенал”-д Аваргуудын лигийн эрх авах ганцхан боломж нь Евролигт түрүүлэх. Учир гэвэл, Евролигт түрүүлсэн баг нь ирэх улирлын Аваргуудын лигт тоглох эрх авдаг.

Евролигийн шөвгийн дөрөвт шалгарсан багуудаас МЮ нь Английн премьер лигт хоёрдугаар байр эзэлж, Аваргуудын лигт тоглох эрх авах нь тодорхой болж буй. Харин Испанийн Ла лигийн хүснэгтийн долоодугаар байрт яваа “Вильярреал”, Италын Сери-А лигт мөн долоодугаарт яваа “Рома” багийнхан ч “Арсенал”-ын нэгэн адил Евролигт түрүүлж цом хүртэхийн зэрэгцээ Аваргуудын лигийн эрх авах хүсэл зорилготой байгаа.

Энэ бүхэн нь МЮ-д цом хэрэггүй, бусад гурван багт нь хэрэгтэй гэсэн үг биш. Норвеги мэргэжилтэн Сульшер тус багийг 2018 оны 12-р сараас дасгалжуулж эхэлснээс хойш одоогоор нэг ч цом өргөөгүй. Тэрбээр, урьд өмнө нь гадаад, дотоодын нийт 71 цом хүртсэн МЮ-ын амжилтын түүхэн замналыг үргэлжлүүлж Евролигт багаа түрүүлгэж цом авахын төлөө хичээж байна.

 

Эх сурвалж: aguulga.mn

SHARE