Ц.Анандбазарын дуулианы ард юу байна вэ

УИХ-ын гишүүн, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар охид, бүсгүйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт учруулсан байж болзошгүй ноцтой хэрэгт холбогдлоо.

Анх Б.Сүндэръяа гэх бүсгүй энэ тухай өөрт тохиолдсон явдлаа олон нийтийн сүлжээнд ярьснаар  Ц.Анандбазарын мэдлийн Өргөө кино театр, Сод Монгол группэд ажиллаж байсан охид, эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж, тэрээр тэдэнтэй хэрхэн зүй бусаар харьцаж байсан тухай кейсүүд хэдэн арваараа хөвөрч эхлэв. Энэ асуудал өндрөө авсаар нийгэмд “Metoo” хөдөлгөөнийг хүртэл өрнөж байна.

Ц.Анандбазарыг тойрсон энэ дуулиан маш ноцтойгоор үргэлжилж байна. Тодруулж хэлбэл, нэг хүнээс шалтгаалж олон арван эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөн явдал юм. Тэр тусмаа ийм ноцтой хэргийн буруутан төр түшилцэж, хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон байсан нь олон нийтийг, нийгмийг хамгийн ихээр бухимдуулж байна.

ХЭҮК-оос гаргасан судалгаагаар Монголд 5 эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэжээ. Энэ нь олон улстай харьцуулахад маш өндөр үзүүлэлт гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Нэг ёсондоо энэ нь охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд, тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамт нийгмийн асуудал болсныг илтгэж байгаа судалгаа юм.

Ерөөс Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажлын байрны бэлгийн дарамт, бие сэтгэлийн хүчирхийлэл ил, далд хэлбэрээр бугшсаныг энэ үйл явдал гэрчилж өглөө. Тийм ч учраас хүний эрхийн үндэсний байгууллага ХЭҮК энэ асуудалд анхаарлаа хандуулж, Ц.Анандбазарыг тайлбар хийхийг зөвлөлөө. Хохирогч Б.Сүндэръяа цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж Ц.Анандбазарын эсрэг өргөдөл гаргалаа. Түүгээр зогсохгүй цагдлаагийн байгууллага шүүгл үлээгчийг хамгаалалтад авав.

Харин нөгөө талд энэ асуудлыг улс төр гэж үзэх хүмүүс байна. Ц.Анандбазар хуурамч шатахууны асуудлыг хөндөж тавьснаар ийнхүү өөртөө гал бэлдлээ гэцгээх нэг хэсэг байна. Товчхондоо Ц.Анандбазарыг унагах улс төрийн акц гэцгээж байна. Гэвч улс төрөөс чухал, эрхэм асуудал нийгмийг, улс төрийг бүтээгч хүн өөрөө байдаг. Б.Сүндэръяа чухам хэн байхаас үл хамаарч тэр нийгмийг энэ эмзэг сэдэв рүү хөтөлсөн нь үнэн. Энэ бол цэвэр нийгмийн асуудал юм. Чухам Ц.Анандбазараар ил гарсан хүчирхийллийн энэ хэрэг манай улс төрийн хүрээгээр тогтохгүй хууль хяналт, шүүх гээд бүхий л салбарт бугшсан гэдгийг ил далд олон жил яригдаж ирсэн сэдэв. Эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө эмэгтэйчүүд хохирсон өчнөөн олон жишээ кейс ил ч бий, далд ч бий.

Хохирогч хэн байхаас үл хамаарч, хэрэгтэн нь Ц.Анандбазар байхаас үл хамаарч охид, эмэгтэйчүүдийн бие, сэтгэлийн хүчирхийллийн сэдвийг монголчууд хэзээ ч мартаж, орхиж болохгүй юм!

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE