Есдүгээр сарын 11-нд сүүлчийн Америк цэрэг Афганистанаас гарна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр тус улсын цэргийг Афганистанаас гаргах төлөвлөгөөг зарлалаа. Тавдугаар сарын 1-нээс Америк цэргүүд Афганистан улсаас гарч эхлэх ба уг ажиллагаа есдүгээр сарын 11 хүртэл үргэлжлэх юм байна.

Афганистаны дайн нь АНУ-ын түүхэндээ хийсэн хамгийн урт дайн бөгөөд энэ оны есдүгээр сарын 11-нд дайныг эхлүүлсэн шалтгаан болох Аль Кайда террорист байгууллагын Нью Йорк хотод үйлдсэн халдлагын 20 жилийн ой тохионо. Одоогоор Афганистанд АНУ-ын 2,500 цэрэг байрлаж байгаа.

Цагаан ордонд хэлсэн үгэндээ Жо Байден сүүлийн арван жилийн хугацаанд АНУ-ын Афганистан дахь цэргийн ажиллагааны зорилго улам бүр тодорхойгүй болсныг хүлээжээ. “Бид ийм урт дайныг анхнаасаа хүсээгүй. Эхлээд бидэн рүү халдсан. Дараа нь бид тодорхой зорилготой дайныг эхлүүлсэн. Эдгээр зорилго биелсэн гэж үзэж байна” гэж Байден хэлсэн байна.

Афганистаны дайнд АНУ-ын 2,448 цэрэг алагдаж, $2 их наядыг зарцуулжээ. 2011 онд тус улсад байрласан Америк цэргийн тоо 100,000 гарсан нь хамгийн оргил үе байв.

“Би бол Афганистан дахь Америк цэргүүдийг удирдаж буй дөрөв дэхь ерөнхийлөгч. Бүгд Найрамдах намын хоёр, Ардчилсан намын хоёр ерөнхийлөгч байлаа. Би тав дахь ерөнхийлөгчид энэ үүргийг шилжүүлмээргүй байна” гэж Байден хэлжээ.

Герман, Их Британи зэрэг холбоотнууд АНУ-ын төлөвлөгөөний дагуу мөн цэргээ Афганистанаас гаргахаар болсон байна. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсныхаа дараа түүний шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр шилжилтийн үйл явцыг саадгүй хэрэгжихэд анхаарал тавих, цаашид АНУ, NATO-той Афганистанд энх тайван байдал тогтоох тал дээр хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.

Афганистаны засгийн газрын Талибан хөдөлгөөний удирдлагатай хийж буй энхийн хэлэлцээ энэ сарын 24-нд Истанбул хотод болох уулзалтаар үргэлжилнэ. Уг уулзалтад зуучлагчаар НҮБ болон Катар улсын төлөөлөл оролцох юм.

SHARE