Челси, Псж, Ман Сити, Реал Мадрид шөвгийн 4-т “Нэг хөлөө тавилаа”

 Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хасагдах шатны 4-т үлдэхийн төлөөх шөвгийн найман багийн эхний тоглолтууд лхагва, пүрэв гарагт боллоо.

Айлын талбайд зочилсон Английн Челси, Францын ПСЖ, өөрийн талбайд тоглосон Ангийн Манчестер Сити, Испанийн Реал М баг хожлын гурван оноо авч шөвгийн 4-т, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хэлдгээр бол “нэг хөлөө тавилаа”. Багууд долоо хоногийн дараа, зочлон тоглосон нь өөрийн талбайдаа, гэртээ тоглосон нь айлын талбайд хариу тоглолтуудаа хийнэ. Хоёр тоглолтын нийлбэр үр дүнгээр ялагчаар тодорсон багууд шөвгийн 4-т шалгарна. Эхний тоглолтын дүн:

  • Порту- Челси 0:2. Гоол: Маунт 32 мин, Чилуэлл 85 минутад
  • Бавари М- ПСЖ 2:3. Гоол: Чупо-Мотинг 37 мин, Мюллер 60 мин– Мбаппе 3, 68 мин, Маркиньос 28 мин
  • Ман Сити-Борусси Д 2:1. Гоол: Де Брюйне 19 мин, Фоден 90 мин– Ройс 84 мин
  • Реал М- Ливерпүүл 3:1. Гоол: Винисиус 27, 65 мин, Асенсио 36 мин– Салах 51 мин.

Хэдийгээр амжилтын таамаглалын талаарх “нэг хөлөө тавилаа” гэсэн хэлц үг байдаг ч бас “бөмбөг бөөрөнхий” гэж бий. Энэ нь эхний тоглолтод хожигдсон багууд хариу тоглолтод маш амжилттайгаар даагаа нэхэж өрсөлдөгчдөдөө “Та бүхнийг баярлуулан гомдоосонд уучлаарай” хэмээн даапаалж өөрсдөө шөвгийн 4-т шалгарах боломж нээлттэй гэсэн үг юм.

SHARE