Б.Хурц нарын эрүү шүүлтийн хэргийг дээд шүүх хаалттай хэлэлцэж эхэллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.

Гэвч давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болж, батлан даалтад гаргасан. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, прокурорын байгууллагаас Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Энэ хүрээнд Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2021.03.31/ ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг есөн хүний гомдлыг хэлэлцэнэ. Тэдэнд холбогдох хэргийн зарим баримт, мэдээлэл улсын нууцад хамаарах тул шүүх хуралдааныг хаалттай явуулахаар болоод байна.

Тодруулбал, Төв аймаг дахь Сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ж.Мөнхгалын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Э.Өлзийбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Г.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, шүүгдэгч Ү.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Т.Туул, шүүгдэгч О.Бямбажав, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч О.Бархасбадь, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал нар тус тус хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

SHARE