Ганцхан тоглолтоор ялагч болж байсан Бавари М-ээс ПСЖ баг даагаа нэхэхдээ 2 тоглоно

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан багуудын хасагдах 1/4, 1/2 шатанд тоглох оноолт гарлаа.

  • Германы Бавари М – Францын Пари Сен-Жермен
  • Английн Манчестер Сити – Германы Борусси Д
  • Испанийн Реал М – Английн Ливерпүүл
  • Португалын Порту – Английн Челси.

Хагас шигшээд нэг, хоёрдугаар хосын ялагчид хоорондоо, гурав, дөрөвдүгээр хосын ялагчид хоорондоо тоглох юм.

Өнгөрсөн 2020 онд аваргын төлөө шигшээ тоглолтод шалгарч байсан Францын ПСЖ, цомын эзэн Германы Бавари М-тай шөвгийн наймд оноолт таарав. Тухайн тоглолтод Бавари М өрсөлдөгчөө 1:0-ээр хожиж аварга болж байсан. Энэ удаа ПСЖ даагаа нэхэх, тэгэхдээ хоёр тоглолтоор гэсэн онцлогтой боломж нээгдлээ. Аваргуудын лигийн Цом хүртэх нь ганцхан тоглолтоор шийдэгддэг бол хасагдах 1/4 шатанд ялагч нь хоёр тоглолтын нийлбэр дүнгээр тодордог билээ. Түүнчлэн гурван жилийн өмнө 2018 онд шигшээ тоглолтод Испанийн Реал М-д хожигдож байсан Английн Ливерпүүл баг энэ удаад мөн хоёр тоглож, даагаа нэхэх боломж гарлаа.

Хөлбөмбөгийн мэргэжилтэн шинжээчдийн урьдчилсан таавраар шигшээ тоглолтод хоёр нь шалгарна гэж нэрлэгдэж байсан Манчестер Сити, ПСЖ, Бавари М гэсэн гурван баг өвөр хоорондоо өрсөлдөхөөр болсон нь тэдний ганцхан нь аваргын төлөө гарч ирэх магадлалыг үүсгэжээ.

Аваргуудын лигийн хасагдах 1/4 шатны эхний тоглолтууд IV.6-7-нд хариу тоглолтууд IV.13-14-нд болно. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4 баг ялагчаар тодорч хагас шигшээд шалгарна. Хасагдах 1/2 шат буюу хагас шигшээгийн эхний тоглолтууд IV.27-28-нд хариу тоглолтууд V.4-5-нд болно. Хагас шигшээгээс шалгарсан хоёр баг V.29-ний орой Туркийн нийслэл Стамбул хотын төв цэнгэлдэхэд аваргын Цомын төлөө тоглоно.

 

SHARE