“Хоёр нам нэгдэн сонгуульд хөндлөнгөөс оролцсон бүх үйлдлийн эсрэг тэмцэх хэрэгтэй”

АНУ-ын Засгийн газрын системд халдсан, сонгуульд хөндлөнгөөс оролцсон, вакцины талаар худал мэдээлэл тараасан гэсэн сөрөг үйл хэрэг бүрт тус улс ОХУ-ыг буруутгасаар ирсэн. Үүний буухиа одоог хүртэл үргэлжилсээр байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены эсрэг үндэслэлгүй хуурамч мэдээлэл тарааж, сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон хэрэгт ОХУ буруутайг баталсан тайланг АНУ-ын Тагнуулын алба танилцуулав.

Үндэсний Тагнуулын төв газраас танилцуулсан 15 хуудас тайланд  Трампын Москвагийн холбоотнууд Жо Байденыг буруутгасан их хэмжээний мэдээлэл тараасан гэж бичжээ. Энэ талаар Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан нам дахь Тагнуулын газрын дарга Адам Шифф “Өмнөх ерөнхийлөгч Трамп ОХУ-ын Тагнуулын албаны Андрей Деркач, Константин Килимник нартай хамтран одоогийн ерөнхийлөгч Жо Байденыг гутаасан, нэр хүндэд нь халдсан мэдээллийг манай улс төрийн системд нэвтрүүлсэн. Оросын нэр бүхий дээрх албан тушаалтнууд Трампын хүрээллээр дамжуулан тагнуулын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулсан” гэж мэдэгдэв.

Килимник нь 2016 оны сонгуулиар Трампын кампанит ажлыг удирдаж байсан Пол Манафорттой хэлхээ холбоотой гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Манафортыг АНУ-ын хуулийн байгууллага гэм буруутайг нь тогтоож, шоронд хорьсон ч Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаас буухынхаа өмнөхөн өршөөлөөр суллаж байв. Деркач нь Трампын хувийн өмгөөлөгч, Нью Йорк хотын захирагч асан Руди Жулианитай ойр хамтран ажиллаж, өрсөлдөгчийнх нь нэр төрийг унагах баримт материал цуглуулахад дэмжлэг үзүүлж байсан юм.

Гэхдээ 2016 оны сонгуультай харьцуулахад Оросын хакерууд сонгуулийн  системд халдсан үйлдэл гаргаагүй байна. Харин Ираны тал Дональд Трампын нэр хүндийг унагах мэдээллийн дайн явуулсан бол Хятадын зүгээс сонгуулийн үр дүнд нөлөөлөх ямар нэг оролдлого гаргаагүйг мэдээлжээ. Хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялсан Америк-Хятадын харилцаанд эргэлт гарахгүй гэж Бээжингийн эрх баригчид үзэж байсан нь үүнтэй холбоотой гэж тайлбарласан байна.

Мөн Куба, Венесуэл, Ливаны Хезболлах зэвсэгт бүлэглэл  сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон ч ОХУ болон Ирантай харьцуулахад бага  цар хүрээтэй байсан юм. Энэ талаар Шифф “Ямар ч үндэстэн манай улсын улс төрийн системд нөлөөлөхийг оролдсоноос үл хамааран хоёр нам хамтдаа нэгдэн сонгуульд хөндлөнгөөс оролцсон бүх үйлдлийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Бид гадны оролцоог таслан зогсоож, Америкийн иргэдийн саналаар Америкийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах ёстой” гэсэн юм. Харин Сенатын танхим дахь Ардчилсан намын дарга Марк Варнер “Тагнуулын алба сайн ажиллалаа. Бид одоо сонгуульд хөндлөнгөөс оролцох үйлдлүүдийн эсрэг хамгийн сайн хамгаалалтыг бий болгоно. Учир нь манай улсын сонгуульд оролцох гадаадын улсуудын нөлөө үргэлжилсээр байх болно. Манай улсын хуваагдал тэдний нөлөөлөл улам ихсэх үндэс суурийг тавьж магадгүй” гэв. Гэвч ОХУ болон Трамп аль аль нь дээрх дүгнэлтийг эсэргүүцэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE