Аваргуудын лигийн шөвгийн 8-д Англиас хамгийн олон баг шалгарав

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хасагдах 1/8 шатны хамгийн сүүлчийн хариу хоёр тоглолт боллоо. Германы Бавари М талбайдаа Италын Лациог 2:1-ээр (эхний тоглолтод Мюнхэний баг 4:1-ээр хожсон) буулган шөвгийн 8-д шалгарлаа. Английн Челси баг Испанийн Атлетико М-ыг 2:0-ээр хожиж (эхний тоглолтод Лондоны баг 1:0-ээр хожсон) мөн шөвгийн 8-д өрсөлдөх эрхтэй болов.

Ийнхүү Европын хөлбөмбөгийн холбоо (ЕХБХ)-ны Аваргуудын лигийн 66 дахь энэ удаагийн тэмцээний шөвгийн наймд шалгарсан багуудын нэр эцэслэн тодров. Тус холбооны гишүүн 54 улсын нийт 79 баг өрсөлдсөнөөс хасагдах 1/4 шатанд Английн 3, Германы 2, түүнчлэн Испани, Франц, Итал улсаас тус бүр нэг шалгарав. Эдгээр наймаас зургаан баг урьд өмнө нь Аваргуудын лигт түрүүлж Цом өргөж байсан баялаг түүхтэй.

  • Испанийн Реал М (Аваргуудын лигт хамгийн олон 13 удаа түрүүлсэн)
  • Английн Ливерпүүл (Аваргуудын лигт 6 удаа түрүүлсэн)
  • Германы Бавари М (Аваргуудын лигт 6 удаа түрүүлсэн, отгон аварга)
  • Португалын Порту (Аваргуудын лигийн 1987, 2004 оны аварга)
  • Германы Борусси Д (Аваргуудын лигийн 1997 оны аварга)
  • Английн Челси (Аваргуудын лигийн 2012 оны аварга)
  • Францын Пари Сен-Жермен (АЛигийн финалд 2020 онд шалгарсан).
  • Манчестер Сити (АЛигийн шөвгийн 4-т 2016 онд шалгарсан).

Гуравдугаар сарын 19-ний баасан гарагт Швейцарын Ньюн хотноо ЕХБХ-ны төв байранд хасагдах 1/4 болон 1/2 шатны оноолт гаргах сугалаа татна. Английн багууд хоорондоо, мөн Германы багууд бас хоорондоо оноолт таарвал тус улсын төлөөлөл нь шөвгийн дөрөвт үлдэх нь тодорхой байвч, нэг улсын багууд зөрж өөр орны хөлбөмбөгчидтэй өрсөлдөх аваас нийт тоглолт сонирхолтой, хөгжөөн дэмжигчдийн таашаалыг хүлээх нь илүү юм. Дашрамд онцлоход, хэдийгээр шөвгийн наймд сулхан баг байхгүй ч түрүүлэх тааварт яваа Манчестэр Сити, ПСЖ-тэй оноолт таарахаас, бусад зургаа нь бэргэж байгаа.

 

SHARE