Хятад улс эрүүл агаарын төлөө гангийн үйлдвэрлэлийг дахин хумихаар болжээ

“Зууны мэдээ” сонин “Голомт капитал ҮЦК” ХХК-тай хамтран хөрөнгийн зах зээл болон уул уурхайн салбарт болж буй онцлох сэдвүүдийг тоймлон хүргэдэг билээ.

 

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төмрийн хүдрийн зах зээл тун савлагаатай байлаа. Ердөө ганцхан өдрийн үйл явдал төмрийн хүдрийн ханшийг 10 хувиар огцом унагахад хүргэсэн юм. Гуравдугаар сарын 9-нд төмрийн хүдрийн ханш  болж унахад өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 8-нд Хэбэй мужийн Таншан хотод 2017 оноос хойш тохиогоогүй агаарын хэт өндөр буюу 1-р зэргийн бохирдол орж үзүүлэлтүүд нь улайсан нь нөлөөлсөн юм. Таншан хот нь мужийнхаа ган үйлдвэрлэлийн 60 хувийг, харин улсынхаа дөрөвний нэгийг хангадаг үйлдвэрлэлийн хот юм.

Хятад улс агаарын бохирдолтойгоо тэмцэхийн тулд гангийн үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй байх бодлогыг баримтлах болсон. Гангийн үйлдвэрүүдийг 60-70 хувийн хүчин чадлаар ажиллуулахыг сануулсаар ирсэн юм. Тэгвэл тус хотын HBIS группд харьяалагддаг томоохон дөрвөн компани хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж, хуурамч тайлан үйлдсэнийг шалгалтын баг тогтоожээ. Сануулсаар байтал асуудлыг үүсгэж, агаарын бохирдлыг дээд цэгт нь хүргэж, ард иргэдийнхээ бухимдлыг төрүүлсэн дээрх дөрвөн компанийн удирдлагуудад хариуцлага тооцохоос гадна цаашид B болон С зэрэглэлийн гангийн үйлдвэрүүдийг бүр 50 хувиар ажиллуулахаар төлөвлөөд байгаа аж.

БНХАУ нь 2020 онд нийт 1.06 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн бөгөөд агаарын бохирдлыг бууруулахын тулд 2021 онд гангийн үйлдвэрлэлийг бууруулна гэсэн амлалт өгсөн билээ. Тиймээс цаашид үйлдвэрлэлийг хумих багасгах бодлогыг тууштай баримтална гэж Байгаль орчны сайд нь мэдэгджээ. Тиймээс төмрийн хүдрийн үнэ цаашид тасралтгүй унах төлөвтэй байгааг экспертүүд дүгнэжээ. Өчигдрийн байдлаар өнгөрсөн долоо хоногийнхоос дахин таван хувиар унасан мэдээ байна.

Үүний нөгөө талд ямар байдал үүсч байна гэхээр үүдээ барихад хүрээд байгаа ган үйлдвэрлэгчид коксын үнийг буулгах тохироог хийсээр байна. Хоёрдугаар сарын 17-ноос хойш үйлдвэрлэгчид тохиролцож коксын үнийг нийт дөрвөн удаа унагасан бөгөөд хамгийн сүүлд дахин 100 юаниар буулгах тохироог коксжуулах үйлдвэрүүдтэй хийж амжжээ.

Коксын ханш ингэж унасаар байгаа нь коксжих нүүрний ханшид дарамт учруулсаар байна. Тухайлбал, Шанхи мужийн Гужао дахь зарим эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар угаасан коксжих нүүрсний үнэ цагаан сарын өмнөх үеэс 60 юаниар унасан байна. Энэ нь нүүрсний салбарынханд төвөгтэй байдал үүсгэж байгаа . Жишээлбэл, манай хамгийн том экспортлогчдын нэг “Mongolian mining corporation” компанийн хувьцааны ханш сүүлийн сар гарны хугацаанд 3.3 хонг.доллараас 2.3 хонг.доллар хүртэл унасан байдалтай байгаа юм. Мөн Вубуланку дахь Жинкуан үйлдвэрийн паркийн нүүрс угаах үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор Монгол Улсын түүхий нүүрсний ханш Ганц мод боомтод унаад байна. Тодex-stock нөхцлөөр зарагдаж байгаа НӨАТ орсон коксжих нүүрсний ханш унаж 980-1030 юаниар арилжаалагдаж байгаа бол ГашуунСухайт боомтоор нүүрс тээвэрлэж буй автомашины тоо 411 болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE