Евролиг. Шөвгийн 16-д Германы баг үлдээгүй нь дуулиан болов

Евролигийн 2020-2021 оны хөлбөмбөгийн улирлын хасагдах шатны шөвгийн 32 багийн хариу тоглолтууд урьд шөнө (II.25-26-ны) боллоо. Нэр хүндээрээ Аваргуудын лигийн дараа эрэмбэлэгддэг тус тэмцээний хасагдах шатны шөвгийн 16-д шалгарсан багуудын нэр тодров.

Евролигийн 50 удаагийн тэмцээний 16-д Английн 3, Италын 2, Украины 2, Испанийн 2, мөн Швейцар, Норвеги, Нидерланд, Грек, Шотланд, Чех, Хорватын тус бүр нэг баг шалгарав. Европын шилдэг таван лигийн нэг Германы Бундеслигийн төлөөлөл Байер, Хоффенхайм нь өөрийн талбайдаа Швейцарын Янг Бойз, Норвегийн Мольде гэсэн дунд түвшингийн багуудад 2:0-ээр “хуурай” хожигдсон нь энэ шатны дуулиан байв. Германы багууд эхний тоглолтод өрсөлдөгчийн хаалгыг тус бүр гурван гоолоор мялаагаад байсан билээ. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр эдгээр баг ялагдсанаар Германы нэг ч баг шөвгийн 16-д үлдсэнгүй.

Тус тэмцээнийг зохион явуулах дүрмээр, шөвгийн 32-ын оноолтод өмнө нь нэг хэсэгт орсон болон нэг улсын багуудыг хооронд нь тааруулдаггүй заалттай. Харин хойшид хасагдах шатны шөвгийн 16, найм, дөрөвт дээрх заалтыг хэрэглэдэггүй учраас нэг улсын багууд, тухайлбал Английн Арсенал, МЮ, Тоттенхэм хоорондоо таарч тоглож болно гэсэн үг. Өнөөдөр Швейцарын Ньон хотноо Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ны төв байранд Евролигийн хасагдах 1/8 болон 1/4 шатны оноолт гаргах сугалаа татна.

Жич: Хүснэгтэд шөвгийн 32 багийн эхний тоглолтын дүн, хариу тоглолтын дүн, багийн нэрийг дараалан бичлээ. Түүнчлэн хасагдах 1/8 шатанд шалгарсан 16 багийн нэрийг тод хараар тэмдэглэв.

SHARE