Рон Ховард: Эйнштейн Форрест Гампын дүртэй төстэй санагддаг

 

Б.Хишигбат

Энэ сарын 30-наас АНУ-ын шинжлэх ухаан, танин мэдэхүйн “National Geographic” телевиз нэрт  эрдэмтэн Алберт Эйнштейний тухай бүтээсэн олон ангит киногоо өөрийн сувгаар дэлхий даяар  цацаж эхлэх гэж байна. Алдарт эрдэмтний дүрд Жеффри Раш тоглож, “Оюун ухааны тоглоом” киногоороо  хоёр “Оскар” гардсан Рон Ховард найруулжээ. Рон Ховард хэд хоногийн өмнө ОХУ-ын “Лента”  цахим сонинд ярилцлага өгчээ.

-Та “Суутан” киноны зураг авалтыг эхлэхдээ ямар зорилт тавьж байв?

-Юуны түрүүнд Алберт Эйнштейний амжилтуудыг харуулах нь чухал байлаа. Зөвхөн суут сэтгэгч бус  маш хүнд цаг үед амьдран олон саад бэрхшээлийг даван туулсан аугаа хүн гэдгийг тодотгохыг  хичээсэн юм. Зарим бэрхшээлээ тэр өөрөө өөртөө бий болгодог байсныг хэлэх хэрэгтэй. Түүний суу  билиг, нээлт зэргийн тухай өдгөө мэдэхгүй хүн ховор ч хүн төрөлхтөн түүний нээлтүүдийн үр шимийг  хүртэхгүй байх эрсдэл ч бишгүй байсан юм билээ. Эйнштейнд нийгэм, дайны үеийн нөхцөл байдал,  тэр ч бүү хэл өөрийнх нь ёс суртахуун, сэтгэлгээний эрх чөлөө, амьдралын хэв маяг хүртэл хүндрэл  учруулж байжээ.

Товчдоо бол Эйнштейн маш өвөрмөц содон хүн байсан тул түүний элдэв үйл явдлаар дүүрэн  амьдралыг дүрслэх нь дэндүү сонирхолтой байлаа.

 

-Та олон ангит киног бүтээж эхлэхдээ Эйнштейний тухай хэр их мэддэг байсан бол?

-“Аполло-13” киног хийхээсээ өмнө Сарны тухай ямар мэдлэгтэй байсан, түүнээс нэг их илүү зүйл  мэдэж байсан гэж хэлж чадахгүй. Түүнийг хүндэлж бишрэхээс биш амьдралынх нь нарийн ширийнийг  яаж мэдэх билээ. Тэр үнэхээр жинхэнэ зураач, философич, ер нь олон зүйл дээр цаг үеэсээ  түрүүлсэн хүн байжээ. Үүнээсээ үүдэн олон хүндрэлтэй байдалд ордог байсан нь найруулагч хүнд  драмын маш сайн материал болсон гэх үү дээ.

-Та харьцангуйн онолыг тайлбарлаж чадах уу?

-Би яаж чадах вэ! Энэ киног хийхээс хавьгүй өмнө юу гээч хууль болохыг нь ойлгох гэж оролдсон ч  чадаагүй. Иймд манай кино группт Эйнштейний шинжлэх ухааны нээлтүүдийг илэрхийлэхэд олон  физикч, дизайнер, зураач нар хамтран ажилласан юм. Мэдээж “Суутан” физикийн хичээл биш.  Гэхдээ үзэгчид Эйнштейний хийсэн нээлтүүдийн утга санааг мэдэрч ойлгох болов уу.  Тэр  амьдралын нууц, хорвоо ертөнцийн түүх зэргийг ойлгож, бусдад хэлж өгөхийг ямагт тэмүүлдэг  байлаа. Энэ сониуч зан Эйнштейнийг амьдралынх нь туршид дагажээ.

-Та түүний хувийн амьдралыг хэр дэлгэрэнгүй харуулсан бэ?

-Миний бодож байснаас түүний хувийн амьдрал амар биш, маш их драмтай өрнөсөн юм билээ. Тэр  хачин жигтэй ааштай бодгальч бие хүн хэдий ч амьдрал, бүсгүйчүүдэд хайртай байжээ. Тэрээр хайр  дурлалд итгэдэг төдийгүйхайр дурлал нь хорвоо ертөнцөд бодит эрчим хүчний цэнэг маягаар  оршиж болно гэж үзэж байсан гэнэ лээ. Түүний амьдралд хайр дурлал маш их түлхэц болж  түүнгүйгээр тэр нэлээд тавгүйтдэг байсан нь лав.

Бүсгүйчүүд түүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Манай олон ангит кино тэр харилцааг  нэлээд дэлгэрэнгүй дүрсэлсэн. Эрдэмтний бүсгүйчүүдтэй харилцах нь үргэлж дуулиан шуугиан  дагуулж, түүнийг тэр бүр сайн талаас нь харуулж байсангүй. Ер нь Эйнштейнийг ганц бус, маш олон  дүр төрхтэй хүн гэж тодорхойлж болохоор. Тэр уярамтгай романтик ч байж чадна. Ажил дээрээ  төвлөрөн өөрийнхөөрөө зүтгэж зөрүүдлээд зогсохгүй бүр харгис хэрцгий ч гэмээр байж чаддаг  нэгэн байсан аж. Тэр амьдралдаа нэлээд хэдэн удаа дурласан бөгөөд заримдаа тэдгээр нь нэг цагт  огтлолцсон нь бий.

-Ийм ер бусын алдартай хүний тухай өгүүлэх кино хүн бүхэнд хамааралтай ямар универсал  сэдвийг хөндөж өгүүлсэн бол?

-Эйштейн ХХ зууны эхний хагасын хамгийн чухал үйл явдлуудад оролцож, заримд нь бүр голлох  үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүний нээлтүүд өнөөг хүртэл биднийг гайхшруулсаар буй. Тэр 30 гаруй  насандаа одоогийнхоор бол супер од болчихсон хүн шүү дээ. Харин тэгэхээсээ өмнө жинхэнэ  бүтэлгүй эр байсан. Тэр мундаг физикч хэдий ч академик ертөнцийн хуурай дүрэм журамд нийцэж  чадалгүй шоовдорлогдож явсан. Иймээс ч их сургуулийн амьдралд зохицон багш профессорын  суудал олж чадалгүй патентын газар ажиллаж байсан нэгэн.

Манай олон ангит кино түүнийг нэр алдарт хэрхэн хүрсэн, үүний тулд ямар үнэ төлснийг харуулна.  Тэгээд ч Эйнштейн еврей хүн байв. Түүний үед еврей байна гэдэг эрүүл мэнд, амь насанд халтай  байлаа шүү дээ. Гэвч тэр энэ бэрх асуудлыг ч даван туулж чадсан.

Манай кино түүнчлэн түүнийг амьдралд хайртай байсныг, түүнээс нуугддаггүй байсныг харуулахыг  зорьсон. Тэр бүсгүйчүүдэд, хөгжимд, байгальд хайртай, далбаат онгоцоор аялах дуртай байжээ.  Тэр мөн орчлонгийн олон хууль, үүний дотор физикийн хуулийг ойлгож мэдэрдэг байсан нь  ойлгомжтой. Тэр цаг ямагт ертөнцийг танин мэдэхийг тэмүүлж, мэдсэн бүхнээ хүн  төрөлхтний хөгжил дэвшилд зориулахыг зорьж явсан нь гайхалтай. Мэдээж залуугаараа алдар нэртэй болсон нь түүнийг шинжлэх ухаанаас байсхийгээд холдуулж, ажил дээрээ төвлөрөхөд нь  саад учруулдаг байжээ. Иймээс ч тэр дотоод зөрчил ихтэй байсан биз ээ.

-Тэр мөн атомын бөмбөгийг бүтээлцсэн хүн?

-Үүнээс болж дотоод зөрчил нь улам ихэссэн гэмээр. Уг нь тэр аливаа дайныг эсэргүүцдэг, энх  тайвныг эрхэмлэдэг жинэхэн пацифист хүн байсан шүү дээ. Түүний мэргэжил нэгт эрдэмтэд  судалгааны ажил нь атомын бөмбөг бүтээх боломж нээж өгсөн гэхэд тэр эхэндээ итгэж чадаагүй  гэдэг. Үнэхээр тийм юм болсныг ухаж мэдээд ес суртахууны мухардалд оржээ.

Эйнштейн нацистууд атомын бөмбөг зохион бүтээхийг оролдож буйг мэдэж, Цагаан ордонд  Ерөнхийлөгч Рузвелттэй уулзан тэднээс түрүүлэхийн чухлыг ятгахыг оролдож байсан нь бий. Харин  АНУ атомын бөмбөгтэй болж, Герман энэ тал дээр аюул дагуулахгүй нь тодорхой болоход Эйнштейн энх тайванч үзэлдээ эргэн орж Америкийн удирдагчдыг атомын бөмбөгийг хэрэглэхгүй байхыг уриалж байв. Гэвч хамгийн эмгэнэлтэй нь түүний уриалгыг сонсоогүйн дээр түүнийг “Атомын бөмбөгийн эцэг” гэж дуудах болсон шүү дээ.

-Энэ кинонд Эйнштейнээс гадна өөр ямар домогт түүхэн хүмүүс гарах вэ?

Эйнштейн нэг ёсны Форрест Гамп гэх үү дээ. Тэр түүхэн нэгэн цаг үед хаа сайгүй л үзэгдэж харагддаг байснаараа Форрест Гампын дүртэй төстэй санагддаг. Чарли Чаплинтай наргиж, Ерөнхийлөгч Рузвелттэй уулзаж, шинжлэх ухааны хэд хэдэн түүхэн нээлтийг хийлцсэн гээд л. Мэдээж Эйнштейн суутнуудын дундахь суутан байв. Гэхдээ манай кинонд түүнээс гадна амьдралд нь ямар нэг байдлаар нөлөөлсөн Мари Кюри, Филипп Леонард гээд хэд хэдэн Нобелийн шагналт эрдэмтэд гардаг юм. Тэдний зарим нь түүний шинэлэг үзэл санааг эсэргүүцэж, зарим нь хувьсгалт нээлт хийх үед нь дэмжиж явжээ. Эйнштейний суу билиг үнэхээр гайхалтай ч түүний амьдарч байсан түүхэн цаг үе тэр чигтээ шинэ нээлт, эрч хүчээр дүүрэн байсан юм. Энэ нь “Суутан” киног илүү сонирхолтой болгосон гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE