Аваргуудын лиг: “12 дахь тоглогчгүй” долоон баг өөрийн талбайдаа хожигдлоо

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хасагдах шатны шилдэг 8-д шалгарахын төлөөх шөвгийн 16 багийн эхний тоглолтууд өнгөрсөн долоо хоног болон энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт цувж боллоо.

Коронавирусийн цар тахлын дэгдэлтээс болж хөлбөмбөгийн багууд нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд тоглож байгаагаас “12 дахь тоглогч” гэгддэг хөгжөөн дэмжигчдийн уухай үнэхээрийн дутаж байгаа нь талбайн эзэн багуудын авсан оноо, оруулсан гоолын тааруухан үр дүнгээс харж болно. Талбайн эзнээр тоглосон нийт найман багаас долоо нь өрсөлдөгчдөө хожигдон оноо авч чадсангүй. Ганцхан Португалын Порту баг л Италын Ювентусыг хожиж гурван оноо авч эзэн багуудын нэр төрийг хамгааллаа.

Айлын талбайд ялалт байгуулж хожлын гурван оноотой буцсан Английн гурав, Германы хоёр, Францын нэг, Испанийн нэг багийг бүгдээрээ хариу тоглолтод талбайдаа амжилтын буухиагаа үргэлжлүүлнэ гэж урьдчилан тааварлахад хэцүү. Учир нь эдгээр долоон баг нь өөрийн талбайдаа мөн нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд зочин багаа хүлээж авах бөгөөд “12 дахь тоглогч” гэгддэг хөгжөөн дэмжигчдийн уухай зоригжуулалт бас л дутагдана гэсэн үг. Хөлбөмбөмбөгийн мэргэжилтэн шинжээчид хоёр тоглолтын нийлбэр дүнгээр шөвгийн наймд шалгарах багуудад зөвхөн, учраагаа 4:1-ээр буулган авсан Германы Бавари М, Францын ПСЖ-г итгэлтэйгээр нэрлэж байна. Нэгэнт “12 дахь тоглогч” байхгүй цэнгэлдэхэд тоглолт явагдаж байгаа болохоор урьд өмнөх шиг өөрийн талбайн давуу тал гэсэн ойлголт байхгүй ажээ. Тиймээс айлын талбайд зочлон хожсон бусад таван баг, мөн хожигдсон Ювентус багийн хувьд шилдэг наймд шалгарах магадлал өрсөлдөгчидтэйгээ нэгэн адил 50:50 ажээ.

Эдгээр 16 багийн хасагдах шатны шилдэг 8-д шалгарахын төлөөх хариу тоглолтуудын дөрөв нь III.9-10-нд бусад дөрөв нь III.16-17-нд болно. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагчаар тодорсон найман баг шалгарч дараагийн шатанд өрсөлдөнө. Хожигдсон найман баг үзэгчдийн суудалд шилжинэ. Нэмж тодотгоход:

  • Шилдэг 4-тшалгарахын төлөөх шөвгийн найман багийн эхний халз тоглолтууд 2021 оны IV.6, 7-нд, хариу тоглолтууд IV.13, 14–нд болно. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагчаар тодорсон дөрвөн баг дараагийн шатанд шалгарна.
  • Шилдэг 2-тшалгарахын төлөөх шөвгийн дөрвөн багийн эхний халз тоглолтууд 2021 оны IV.27, 28-нд, хариу тоглолтууд V.4, 5–нд болно. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагч болсон хоёр баг финалд шалгарна.
  • Финалын тоглолтТуркийн Стамбул хотноо 2021 оны V.29-нд болно.
SHARE