Н.Энхбаярыг ялласан С.Соёмбо-Эрдэнийг Дээд шүүхийн шүүгчээр томиллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.2.18/ зарлиг гаргаж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнийг Дээд шүүхийн шүүгчээр томиллоо.
Уг нь С.Соёмбо-Эрдэнэ нь 2018 оны 11-р сарын 15-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар орж “тэнцсэн” юм. Тухайн үед
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд С.Соёмбо-Эрдэнэ нэр дэвшиж байгаа бөгөөд энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулж байв.
Түүнээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч Ерөнхийлөгч зарлиг гаргаж томилоогүй өнөөдрийг хүрсэн.
Өнөөдөр гэнэт томилсон нь анхаарал татаж байгаа юм.

Учир нь энэ томилгоо өнөөгийн улс төрийн нөхцөл байдалтай холбогдож мэдэхээр байна.
Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой аж.
1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна.
Тэрээр Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэгт Ерөнхий шүүгчээр ажиллаж тухайн үед түүнд дөрвөн жилийн хорих ял оноож байсан. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар, АМГТХЭГ-ын дарга агсан А.Амарсайхан нарт холбогдох хэрэг бүрийг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шүүж бүгдэд нь хорих ялаар шийтгэх шүүхийн тогтоолыг гаргасан байдаг. Үүнээс гадна С.Соёмбо-Эрдэнэ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болоод С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хурлыг даргалан шийдвэрлэж байжээ.

 

Эх сурвалж: aguulga.mn

SHARE