Хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хасагдах 1/8-ны шатны шөвгийн 16 багийн найман хосын эхний дөрвөн тоглолт лхагва, пүрэв гарагт боллоо. Коронавирусийн цар тахлаас үүдэж тоглолтууд нэг ч үзэгчгүй хоосон суудалтай цэнгэлдэхэд болсон төдийгүй Германы Лейпциг клуб Английн Ливерпүүлийг өөрийн талбайдаа бус гурав дах улсын, Унгарын нийслэл Будапештийн төв цэнгэлдэх “Пушкаш Арене”-д хүлээн авсан.
Хөлбөмбөгийн мэргэжилтэн шинжээчид, эхний тоглолтод өрсөлдөгчөө буулган авсан Английн Ливерпүүл, Францын ПСЖ багийг дараагийн шатанд шалгарахад 90 хувь, Германы Борусси Д-ыг 80 хувийн магадлалтай, өөрөө хэлбэл “нэг хөлөө 1/4-ийн шатанд тавилаа” хэмээн дүгнэжээ. Италын Ювентус, Португалын Порту багийн шалгарах боломж 50:50, аль нь хасагдахаа хариу тоглолтоор эцэслэн шийднэ гэж үзжээ. Эдгээр найман багийн хариу тоглолтууд III.9, 10-нд болох бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон 4 нь дараагийн 1/4-ийн шатны шөвгийн наймд шалгарах дүрэмтэй.
Харин 1/4-ийн шатны үлдсэн дөрвөн эрхийн төлөөх эхний тоглолтууд ирэх долоо хоногийн лхагва, пүрэв гаригт болно. Хариу тоглолтууд III.16, 17-нд тус тус болно.