Ерөнхийлөгч ховтой зууралдах зохимжгүй

Гарч буй сар шинэд зориулж, шинийн 1-ний /2021.2.12/ өглөө Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ эвтэй байхыг эрхэмлэж буйгаа илэрхийлсэн.
Тэрээр “Тэнгэрийн салхи тэгш үгүйн адилаар хүж дэлхий, хүн зоны ахуй амьдрал төгс жаргалан дүүрэн байдаггүй цагийн учир шалтгаанаар тулж байгаа хүндрэл, туулж байгаа бэрхшээлийг гагцхүү эв эеийн хүчээр даван туулах нь гарцаагүй боллоо.
“Эвт шаазгай буга барина” гэж эртнээс нааш сургасан өвгөд өтгөсийнхөө захиасыг Та бид ухаан сэтгэлдээ сэргээн сэрээж, үндэстнийхээ бадрал мандлын төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнт иржээ.
…Эвийн хүчээр бүхнийг туулъюу” гэсэн.
Тэгвэл үдээс хойш нь цахим хуудастаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорионы дэглэмийг зөрчиж, Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах ээжийндээ очиж золгосон байж болзошгүй гэх үндэслэлгүй мэдээлэл цахим орчинд гарсан байна.
Иймд дээрх үндэслэлгүй мэдээллийг залруулахын зэрэгцээ төрт ёсны уламжлалаа дагаж Монгол түмэн минь хайртай дотны хүмүүстэйгээ цахим золголт хийхийг уриалж байна” гэсэн залруулга хийжээ.
Гэтэл коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, хяналтад авах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Сар шинийн баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ч дээрх шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд баярын энэ өдөр ээжтэйгээ цахимаар золголт хийсэн байна. Энэ тодорхой үйл явдал юм.
Тиймээс олон нийт нэлдээ үүнд Ерөнхийлөгчөөс тайлбар нэхэж, залруулга шаардсан явдал болохгүй нь ойлгомжтой.
Харин “зорилтот чулуу” байхыг үгүйсгэхгүй.
Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч энэ мэт цахим сүлжээний ховтой зууралдаж, залруулга бичиж суух нь зохимжгүй юм.
Тэгээд ч “Жингэр хуцаж, жингийн цуваа явж байдаг” гэх үг бий.

 

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE