Жо Байден: Хятад бол Америкийн аюултай өрсөлдөгч

Америк, Хятад гэсэн хоёр гүрний маргаан ямар ч цаг үед дэлхий нийтийн халуун сэдвийн нэг байдаг. Худалдааны дайнаас үүдсэн зөрчил өнгөрсөн жил эрчээ авч, цар тахал Хятадаас эхэлж дэгдсэн нь маргааны “галыг” нэмсэн. Мөн Хонгконг, Шинжааны иргэдийн эсрэг явуулж буй Бээжингийн бодлогыг Вашигтон буруушааснаас хоёр орны харилцаа улам муудаад байгаа билээ. Тиймээс Жо Байдены Засгийн газар энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх бол гэдэг нь олон нийтийн анхаарлыг их татаж байв. Гэвч Байден “Хятад бол манай аюултай өрсөлдөгч. Бээжингийн хүний эрх, оюуны өмч рүү халдсан үйлдлийн эсрэг төлөвлөгөө боловсруулна” гэсэн ноцтой мэдэгдлийг пүрэв гаригт хийсэн билээ.
Тэгвэл АНУ-ын шинэ засаг захиргааны Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын удирдагч Ши Жиньпинийн гадаад бодлогын туслах, хамгийн шилдэг дипломатч Ян Жиэчитэй  баасан гаригт анх удаа утсаар ярьжээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яам “Америк сүүлд гаргасан алдаагаа залруулж, эрүүл мэнд болон эдийн засгийн тогтвортой хөгжилд Хятадтай хамтран ажиллах талаар тус улсын Төрийн нарийн бичгийн даргатай ярилцлаа. Харилцан бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэсэн, хожил-хожил гэсэн зарчмаар зөрчилгүйгээр харилцах болно. Ингэхдээ өөр өөрсдийн сонгосон хөгжлийн замнал болон улс төрийн системийг хүлээн зөвшөөрнө” гэж мэдэгджээ. Харин дипломатч Ян Жиэчи “Хоёр улс дотоод асуудалдаа өөрсдөө анхаарна. Хонгконг, Шинжааньтай холбоотой асуудал бол Хятадын дотоод асуудал. Тиймээс гадны оролцоог тэвчихгүй. Хятад улс социализмын замаар тууштай явна. Хэн ч Хятад үндэстний гайхамшигт сэргэлтийг зогсоож чадахгүй” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE